ЖДҮ-чин Ш.Адьшаа нам сэлгэж нутгаадаа гүйсээр л...


2019-09-04 14:50:03

 

-ЭГЭЛ ИРГЭДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН ЖДҮ-чид ЯМАР НҮҮРЭЭРЭЭ НУТАГ УС, АХАН ДҮҮСЭЭ ГЭЖ ГҮЙЛДДЭГ ЮМ БОЛ-

 Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүйн торгон жишээнүүд сүүлийн үест тасрахаа байж. Тухайлбал, сонгууль бүрт сортолзож, төрсөн нутгийн зүг алдуул адуу шиг гүйх Ш.Адьшааг нутгийнхан нь анддаггүй ч, итгэл хүлээлгэдэггүй гачлантай. Гаалийн гэх тодотгол сэтэртэй тэрбээр байнгын ажиллагаатай парламентын босгыг алхах туйлын хүсэл сонирхолтой нэгэн л дээ, хөөрхий. Тиймдээ ч сонгууль бүрээр Ховдод “нутагшиж”, холын мөрөөдлөө гүйцээхээр байсхийгээд нутгийнхандаа элгэмсэг ханддаг зуршилтай. Иймэрхүү явуулын амьдралаар хичнээн ч оныг үдсэн юм.

Хуульч мэргэжилтэй тэрбээр Гаалийн байгууллагад олон жил ажилласныг уншигчид мэдэх биз. Төрсөн нутгийнхаа Прокурорын газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар хяналтын прокурор, туслах прокуророор мөрдэс сэлгэн жалга довныхондоо чамгүй танигдсан нь үнэн. Улмаар Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Буурал сор” ХХК-д захирал, ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга гэхчлэн ийм тийш үсчсэн намтар ч түүнийх. Тэрбайтугай Засаг даргын болоод Зам тээврийн сайдын зөвлөх явсан сүрхий эр. Өдгөө Төрийн тэргүүний орон тооны бус зөвлөх сэтэртэй сэмбэлзэж явна. Арвин туршлага, намтартай хэдий ч яагаад ч юм бэ, нутгийн зон олон нь түүнд нүүр өгч, итгэл үзүүлж байсан нь үгүй.

Магадгүй авлига өгч, амин хувиа бодсон гэх нэгэн үеийн таагүй асуудал нь нэг насны бараан сүүдэр болон үлдсэнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг тэрбээр Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатартай хамт хээл, хахуулийн хэргээр саатуулагдаж, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хорхойтой араанд зуугдаж нэг, зажлигдаж нэг явсаан. Аз гэх үү, эз гэх үү, эсвэл Ардчилсан намыг бараадаж явсандаа амь мултарч, аавын хаалга татаагүй үлдсэн гэх үү. Тухайн үедээ л авлигачидтай алалцана хэмээн ханцуй шамлан гарч ирсэн Ц.Элбэгдоржийн анхны бөгөөд сүүлчийн “ав”-аар МАН-ын угшилтай гаальчид ял авч, мань Ш.Адьшаа мэнд мултарч байсан нь үнэн юм.  

Түүнтэй холбоотой хахуулийн гэх хэрэг үүгээр дуусахгүй. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Улаанбаатар мед” эмнэлгийн магадлан итгэмжлэлийг гаргуулахын тулд мөн хахуул өгч явсан гэх дуулиан хуучраагүй байна. Тухайн үед эмнэлэг нь байгуулагдаад удаагүй байсан болохоор тогтвортой үйл ажиллагаагаа явуулаад хоёр  буюу түүнээс дээш жил болсны дараа магадлан итгэмжлэлд орно гэсэн журмын заалтыг хангаагүй байж. Магадлан итгэмжлэл авах нь нэр хүндийн хэргээс гадна ЭМД-ын сангаас санхүүжилт авах эрх нээгддэг гэдгээрээ хувийн эмнэлгүүдэд ач холбогдолтой. Тиймээс Ш.Адьшаа авлига өгч байж асуудлаа шийдүүлсэн гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн юм. Хэдийгээр хэргээ хүлээсэн ч өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэг нь хаагдсан түүхтэй.

Тэр бүү хэл, УИХ-ын гишүүдийн ууж идсэн гэгдээд байсан ЖДҮ-гээс хүртэл хумсалж дөнгөсөн бядтай эр. Өнөөгийн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2014-2016 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа холбоо барих боломжгүй, хаяг байршил тодорхойгүй компаниудад олон тэрбумаар нь зээл олгосон жонхуурсан хэдэн баримт бий. Тэдгээрийн дунд өнөөх Ш.Адьшаагийн “Ховд Хаан бирж” ХХК байгуулагдсан жилдээ 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авч, Аж үйлдвэрийн яамнаас хийсэн мониторингийн үр дүнгээр хангалтгүй хэрэгжсэн 10-н төслийн нэг болон тэмдэглэгдсэн байдаг. Энэчлэн бий болгосон намтар түүхийн дийлэнх нь муу нэр, луу данстай болохоор нутаг нугынхан нь нааш харж бэлэг сэлтийг нь хамчихаад цааш харж өшиглөөд унагаачихдаг байж мэдэх. Үнэндээ олон нийтийн дунд “Гаалийн” бус “Авлигын” Адьшаа ч гэгддэг болсон.

Нэгэн үе улаан сарнай энгэртээ хатгаж, МАН-ын батлах өвөртөлж явсан тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуульд Ховд аймагт бие даан нэр дэвшиж, тойргийн нийт сонгогчдын 33 хувийн санал авч, удалгүй хөх сарнай тэврээд АН-д гүйж очиж байв. МАН-аас тойрог авч чадаагүйдээ гоморхсон тэрбээр АН-ын хаяа бараадаж, хамжиж, дэмжээд сонгогдоно гэж итгэснийх. Харамсалтай нь АН ч түүнд нэмэр болж чадаагүй юм.

Гэлээ гээд хүсэл мөрөөдлөө хаялтай биш. Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт, Цагаан хад орчимд эзэмшдэг талбай болоод нүүрс тээврийн компаниа хойш тавин байж халуун нар, хүйтэн бороог үл хайхран хөрөнгө гаргаж, чамлахаар чанга атга гэмээр багахан хэмжээний бүтээн байгуулалтыг нутагтаа өрнүүлсэн. Яахав, их мөнгө орох юм биш, Ховд нутгийн хөгжил, ирээдүй, урлаг, соёл боловсролын гэх зэрэг салбарт бяцхан, бяцхан бүтээл хийгээд л яваа.. Нутгийнхны нь өмсгөдөг цаасан малгай ирэх сонгуулиар жинхэнэ малгай болох ч билүү, хэн мэдлээ. Бөхчүүд шээс сольчихлоо гэж уйлалддагтай ижил, санал сольчихлоо гэж заргалддаг заргачаараа алдартай мань эр хашрахгүй дахиад л баахан сэтгүүлч дагуулаад өнгөрсөн сард нутгаадаа мацаад ирсэн.  

АН ч үгүй, МАН ч үгүй гээгдээд суухад нь Ерөнхийлөгч татаж авсных, ирэх сонгуульд дахиад л мордоно. Тиймээс онлайн санал асуулгын “Ардын элч” буланд зургаа байршуулж, нэрээ сануулж, минут тутамд байсхийгээд саналын кноп дарж, цаг нөхцөөж суугаа байх. Болдогсон бол ард нийтээр нь авлигадаад ч болтугай Төрийн түшээ болчихмоор сэрүүн зүүдэлж яваа түүний жирийн иргэддээ очих боломжоос “хулгайлцсан” ЖДҮ-гийн хэрэг нь атгахан бүтээн байгуулалт, амжилт юуг нь баллуурдаад орхих балаг нь гэдгийг мэддэг л байгаа даа, бурхан минь.

Н.Энхбаяр

Эх сурвалж: www.info5.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү