“Онц байдал” нэрт сүржин дээрмээ өнөөдөр зогсоох уу?


2019-09-06 12:30:58

-ЗАСГИЙН ГАЗАР ХУТГАСАН БАНТАНГАА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ НЬ ОЛНЫ АНХААРАЛД БАЙНА-

“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц байдлын хугацаа өнөөдөр дуусгавар болно. Гэхдээ онц байдлыг цуцлах эсэх нь эргэлзээтэй төдийгүй эсрэгээрээ хугацаа сунгах магадлал өндөр байгааг албаны эх сурвалж хэлж байна. Учир нь өнгөрсөн гурван сарын хугацаанд “Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг бүрэн барагдуулж дуусаагүй тул онцгой дэглэмийг цуцлах нь учир дутагдалтай хэмээн ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн аж. Эл ажлын хэсгийн ахлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ билээ.

Онц байдал зарласнаас тав хоногийн дараа “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний мөнгө дутсан, санхүүгийн баримт бичиг алга болсон асуудал үүссэн нь бий. Ажлын хэсгийн хэд хэдэн гишүүнийг энэ хэрэгт сэжиглэн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэрэг ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул Онцгой дэглэмийг үргэлжлүүлэх магадлал өндөр байгаа юм. Гэхдээ үргэлжлүүлэх нь хэнд ашигтай вэ. Засгийн газрын энэхүү дээрэм чухамдаа юунд хүргэх бол...

Ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосон асуудал нь олон хүний эрх ашгийг зөрчиж байгаа нь нууц биш. Өмнө нь 400 орчим сая төгрөгөөр худалдан авалт хийчихсэн хүмүүсийн эрх ашгийг зөрчиж байгаа. Иймээс тэд онцгой дэглэмийг дахин сунгах асуудал яригдаж эхлэх энэ цаг үед 150 сая ам.долларын гэрээ хийсэн мэдээллийг гаргах нь ойлгомжтой. Би энэ мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Үнэхээр тийм зүйл болсон бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно" гэлээ.

Нэг сумаар хоёр туулай гэгчээр энэ дүйвээнээр Х.Бадамсүрэнг албан тушаалаас нь түдгэлзүүлэх сонирхол У.Хүрэлсүхийн Засгийн газарт бий. Энэ санаагаа эртнээс ил, далдаар илэрхийлж ирсэн. Харамсалтай нь, ар сайтай Х.Бадамсүрэн тэр бүр аргацааж өнөөдрийг хүрсэн билээ. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол энэ удаад “Эрдэнэт” үйлдвэр шинэ даргатай болохоос аргагүйд хүрнэ.

Гэхдээ үүнээс илүүтэй төр хийсэн дээрмийн хэргээ халхавчлах ажиллагаа. “Төрд мөнгө байсаар байтал УИХ-аар асуудлыг хэлэлцэлгүй Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой худалдан авах ажиллагааг хийсэн. Иймээс энэ хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудыг АТГ-т өгөх нь зүйтэй” хэмээн ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байв. Шулуухан хэлэхэд, түүний бай анхнаасаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болоод сахал хочит Д.Эрдэнэбилэг байв.

Эхэндээ хуулийн байгууллагаар далайлгаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр эзэмшихийг хүссэн. Гэвч бүтэлгүйтэж, хувийн хэвшилд шилжсэн байсан 49 хувийг бараг дээрэмдсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Улсын Дээд шүүх “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлж авсан үйл явц хууль зөрчсөн гээд хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү төр хувийн хэвшлээ дэмжих битгий хэл хулгайч шиг аяглаж дээрэм хийсэн нь ил болсон. Гэвч ичсэндээ хүн алахын үлгэрээр эрх мэдлээр далайлган онцгой дэглэм тогтоочихоод байгаа нь энэ. Засгийн газрын шийдвэр гарахтай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнэ хоёр автобус дүүрэн хүнтэйгээр Эрдэнэтэд газардаж, үйлдвэрийн захиргааны байр руу дайран орж ширэн нүүрлэсэн. Ингэхдээ 49 хувийн төлөөллийнхний өрөөг битүүмжилж,

Тэргүүн дэд захирал н.Шинэбаатар,

Санхүү эрхэлсэн захирал н.Эрдэнэбилэг

Хөгжлийн бодлогын газрын дарга н.Нэмэхбаяр

Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч н.Сүхбат

Хууль эрх зүйн газрын дарга н.Цэрэнбадам

Хууль эрх зүйн газрын орлогч дарга н.Чинбат

Хангамжийн хэлтсийн орлогч дарга н.Энхбаясгалан

Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нарын албан тушаалтнуудыг хөөн гаргасан.

Тэдний оронд Засгийн газраас томилгоо хийх тухай ч хэдэнтээ хөндөгдсөн.

Эл явдлын дараахан сүржин баривчилгаа явуулж, олон нийтэд адал явдалт кино үзүүлсэн нь Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын баривчилгаа. Эрүүгийн цагдаагийн газрынхан тусгай багийнхныг дайчилж, сэтгүүлчдийг цуглуулан барин дээрх нөхдийг баривчилсан нь өнөөх төрийн дээрмийн нэг хэсэг байсан гэхэд хилсдэхгүй биз. Юутай ч Үндсэн хууль зөрчин байж Онцгой дэглэм тогтоосон Засгийн газар өнөөдөр энэ асуудлаа хэрхэх учраа олоогүй суугаа бололтой. Нөхцөл байдал ч өмнөхөөсөө дордсон уу гэхээс дээрдсэн зүйл алга.

Эх сурвалж: www.info5.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү