Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дашийн шог болох уу


2019-09-10 10:21:54

Төсвийн мөнгийг хулгайлдаг, ЖДҮДС-аас завшдаг, концессийг луйварддаг, охид бүсгүйчүүдийг хүчирхийлдэг эрхмүүд Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү гэх байдлаар санал асуулга явуулахыг АН “дэмжив”. Харин хулгайчидтайгаа хариуцлага тооцож чаддаггүй парламентыг халж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, Х.Баттулгад хааны титэм өмсгөх эсэхийг ард түмнээс асуухыг З.Энхболд мэдэгдлээ. Ухнаагийн хүүгийн гар дахь сэлмийг уртасгах боломж бий эсэхийг ард түмнээсээ асууна гэж МАН гөжүүдлэнэ.

Хашааны гаднаас Н.Энхбаяр тэс хөндлөн санал оруулж ирэхийг санаархаж, мөн л ард түмэн гэж хашгирна. Зуны гурван сарыг яг л ийм байдлаар үдэж, намартай золгосон. Намар ч дуусах нь. Илүү сартай тулдаа эрх баригчид санал асуулга явуулах тухай ярьж, мөнгөний тоогоор толгойгоо гашилгаж сууна.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг гараанаасаа гарчихвал ядах зүйлгүй мэтээр тайлбарлаж байсан УИХ-ын даргын сураг ч алсарлаа, хөөрхий. Зунжингаа амаа чилтэл ярьж, сурталчилж явсан түүний хөдөлмөр нөхдийнх нь гараар үгүй болсон тул арга ч үгүй юм даг уу. Цаг нь болоогүй учралын төлөө гэгчээр батлагдаагүй төслийг барьж гүйснийх нь гай биз.

20 жил хав дарсан хуулийг өөрчлөхөд хашир байх хэрэгтэй юу, эсвэл хэлбэрдээд өнгөрөх үү гэх шийдэл МАН-ын өмнө тулгарав. Үндсэн хуулийг 1992 онд “Ардчилсан гэх тодотголтойгоор баталж байв. МАН үнэмлэхүй олонх байхдаа гар дүрч, “жигтэйхэн” өөрчилсөн нь өнөөх дордуулсан долоо. 72-уулаа байхдаа зассан топ заалтын нэг нь УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хаших боломжийг олгосон явдал. Үүнээс болж өдгөө давхар дээлний асуудал алхам тутамд яригдах сэдэв болж хувирсан.

Энэ бүхнийг залруулах, зарим заалтыг цаг үед нийцүүлэн өөрчлөх шаардлага бий хэмээн улстөрчид, судлаачид үздэг. Тиймээс ч МАН үнэмлэхүй олонх болсон дээрээ “эцэг” хуулийг өөрчлөх нь зүйтэй гэх байдлаар хандсан. Талаас илүү хувь нь шинэ гишүүнтэй энэ парламент гар дүрэх нь зөв эсэхэд эргэлзэх хүн ч цөөнгүй байв. Галт тэрэг нэгэнт хөдөлж, 62 гишүүн гарын үсгээ зурж, эрчтэйхэн эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал энэ хүрээд гацчихлаа. Хуулийн төслийн эхний санал, гол агуулга өөрчлөгдөж, өдгөө хэн ч танихаа болив.

Эцэст нь ард түмнээсээ асуух гэнэ. Тэртээ тэргүй цаг хугацаа, хөрөнгө зарцуулан байж бүх намын төлөөлөл, судлаач, эрдэмтэн, хуульчдыг оролцуулан ажиллаж тогтоочихсон, нэгэнт амьдрал дээр өөрчлөлт хэрэгтэй нь харагдаад буй зүйлийг дахин дахин асуух шаардлага бий эсэх нь эргэлзээтэй.

Өвөл хаяанд ирчихээд байхад санал асуулга яриад суух цаг мөн үү. Цаг агаар эрс хүйтэрч, нойтон цас унах талаарх сэрэмжлүүлгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгөх болсоор удаж байна. Анзаараад харвал дандаа сонгуулийн өмнөх жил ийм яриа гардаг. Энэ удаа ч бас, боломжгүй цаг хугацаа товлочихоод “Ард нийтээсээ асууна” гээд ороод ирлээ. Үндсэн хуулийг өөрчлөхөд сарын л хугацаа үлдсэн. Учир нь уг хуулийг сонгуулийн санал хураах өдөр болохоос зургаан сарын өмнө өөрчлөхийг хориглодог. Сарын дотор санал асуулга зохион байгуулаад, нэгтгэн дүгнээд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр намууд зөвшилцөөд батална гэвэл үлгэр болох байх. Улс орны бүх харилцааны үндсийн үндэс болсон энэ хуулиар шоудаж, улс төр хийж болохгүй. Бас тэр шоундаа ард түмнийг хавчуулах хэрэг байсан уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү