Д.Тогтохсүрэн: Санал асуулгыг 2020 оны сонгуультай хамтатган явуулах хувилбар бий


2019-10-03 16:40:40
 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд тавьсан Төрийн тэргүүний тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзан, Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ард нийтийн санал асуулгын хугацааг жичдээ явна. Ер нь ард нийтийн санал асуулгыг ондоо багтааж дангаар нь явуулах, эсвэл УИХ-ын ээлжит сонгуультай хамтад нь явуулах гэсэн хоёр хувилбар байгаа" хэмээлээ. Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно гэсэн үг үү?

-Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно. Хоригийг хүлээж авсан тохиолдолд төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зогсоох гэсэн ийм л хоёр гарц бий. Төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах боломжтой ч манай нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард нийтээсээ асууж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх үндэслэлийг тодруулахгүй юу?

-Ерөнхийлөгчийн хоригийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ?

-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30-нд явуулахаар төлөвлөж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хоёр хувилбар бий. Ард нийтийн санал асуулгыг энэ ондоо багтааж явуулах, эсвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулах ийм хувилбар бий. Энэ талаар дахин ярилцана.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү