ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ


2019-10-04 12:40:01

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах байр суурийг би дэмждэг. Цэрэг, эх оронч үзлийг ард нийтэд суулгахыг мөн дэмжинэ. Гэтэл нөгөө талдаа мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдээд "Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна" гээд явж байх нь зөв юм уу. Та сая иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй гэж хэлснийг мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдэхийг  дэмждэг гэж ойлгох уу. Цэргийн алба хаагчид ТББ байгуулаад аймгуудад салбар зөвлөл байгуулан Засаг даргаар тэргүүлэх нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Иргэний хөдөлгөөн, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудал боловч цэргийн алба хаагч,  мөрдэстэй алба хаагчдад хязгаарлалт байгаа байх гэж бодож байна.

УИХ–ын гишүүн Ш.Раднаасэд: Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулна гээд 5-6 жил өнгөрчээ. Жанжин штабынхан очиж судлаад л үзээд явдаг. Яг л байгуулах гэж байгаа юм шиг очдог. Гэтэл өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлж чадвал чадаад чадахгүй бол хэрэгжүүлэхгүй гэдгээ хэлмээр юм. Хоёрдугаарт цэргүүдийн амь настай холбоотой асуудал. Цэргийн алба хааж байхдаа амиа алддаг. Эцэг эх, ах дүү нар нь эр хүн болоод ир гээд явуулдаг, гэтэл ирэхгүй зураг нь ирж байна. Хэвлэлээр мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь хэд бол. Хууль зүйн яаманд ажиллаж байхад гэмтэж бэртсэн, амиа алдсан өргөдөл ирдэг байсан. Тэгээд Аюулгүй байдлын байнгын хороо руу шилжүүлээд л явуулдаг байлаа. Цэргийн анги салбарууд дээр хүний амь нас алдсан тохиолдол гаргахгүй байхын төлөө анхаарч ажиллаарай.  Өнгөрсөн жилийн тухайд 60-аад мянган залуус 12 дугаар анги төгссөн байх. Эдний 50-аад мянга их дээд сургуульд ордог. Үлдсэн 10-д мянга нь үүнээс ч цөөн нь цэргийн алба хаахаар явж байна. Гэтэл тэднээс хэд нь гэмтэж, хэд нь амь алдаад байгааг тоочих аргагүй. Аавын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө  онцгой анхаарч ажиллах ёстой шүү. Тэгээд ажилд нь амжилт хүсье.  А.Ганбат дарга ямар шалтгаанаар ажлаа өгснийг тодруулж үзмээр байгаа юм. Эрүүл мэнд үү, улс төр үү. Цэргийн алба бол тоглоомын алба биш.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цэргүүд нас бараад байгаад  ямар арга хэмжээ авах вэ. Цэргийн нэгдсэн холбоо гэж бий боллоо. Мөрдөстэй хүмүүс ингэж улстөржиж болдог юм уу.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: О.Баасанхүүгийн яриад байгаа зүйл ноцтой шүү. Үүнийг анхаарах ёстой. Генерал цолтой хүмүүс холбоо байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Одоо томилогдох гэж байгаа хүн үүнийг анхаараарай. Генерал хувцас өмсчихөөд, фронт байгуулаад явж байгаа нь эрүүл биш үзэгдэл шүү. 

А.Ганбат гэдэг хүн Жанжин штабын даргаар ажиллаж байгаад хувийн компанид ажиллаад ахиад томилогдоход гайхаж байсан. Томилогдоод жил хүрэхгүй хугацааны дараа ахиад өргөдөл өгчихлөө. Гайхаж байна. Жанжин штабын дарга бол тоглоом хийдэг албан тушаал биш. Цэргийн удирдлагыг шууд хийдэг албан тушаал. Яагаад 10 жил гадуур явж байсан хүнийг томилсон бэ.

Нэр дэвшигч Д.Ганзориг: Төрийн  эрхзүйн хүрээнд төрийн  эрх нэгдмэл байна гэсэн хуулийн хүрээнд явагддаг. ТББ-ын үйл ажиллагаа одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд явж байгаа гэж үзэж байна. Таны асуулттай холбоотой асуудал нууцын зэрэглэлд ордог учраас тусгайлан илтгэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж гишүүний асуултад би хариулт өгье. А.Ганбат гэж хүн дөрвөн хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас энэ асуудлаар би Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байсан. Үүнийг сонсоод өргөдөл өгчих шиг боллоо.

Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү