"Эрдэнэт үйлдвэр"-т өгөх Ерөнхий сайдын үнэлгээний ард юу нуугдав


2019-10-07 09:38:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагтаа ажиллахдаа Эрдэнэтийнхнийг нэлээд тэвдүүлээд амжжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ирэх сургаар вагон вокзалийг цэвэрлэж, хогоо түүсэн гэнэ. Бараг л царай муутай иргэдийг хотын гудамжинд үзэгдэхийг “хориглосон” юм даг уу.

Мөн иргэдтэй уулзах үеэр эвгүй үг хэлж, дарга удирдлагын эсрэг юм яривал хар толгойтой нь ярина гэх үүрэг ч өгөгджээ. Улмаар уулзалтын танхимыг төрийн албан хаагчидаар дүүргэсэн байна. Ингэж байж эргээд хариуцлага тооцоход хялбар хэмээн тус аймгийн удирдлагууд үзжээ. Гэвч ажилчид Х.Бадамсүрэн даргад бухимдсан сэтгэлээ барьж дийлсэнгүй. Уулзалтын танхимд орж ирж чадсан ганц, нэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар Ерөнхий сайдад “ховлов”. Танхимын гадна үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн олон иргэн байсан ч дотогш нэвтрүүлсэнгүй. Гэсэн ч Ерөнхий сайд энэ бүхнийг төдийлөн авч хэлэлцсэнгүй, харин ч урьдчилж бэлдсэн дүр төрхөөр нүдээ хуурч, чихээ баясгаад буцжээ. Тэр бүү хэл, хууль бус зүйл бугшсан, захирлууд нь ажилчдаа дарамталж байна гэх иргэдийг үгийг үл тоон "Эрдэнэт үйлдвэр"-т сайн үнэлгээ өгсөн юм. Магадгүй ирэх сонгуулийн саалийн үнээ нь “Эрдэнэт үйлдвэр” учраас үүнээс өөр арга байгаагүй гэх үү. Гэхдээ Х.Бадамсүрэн намын даргынхаа даалгаварыг биелүүлж дөнгөх болов уу.

Монголын саалийн үнээ “Эрдэнэт үйлдвэр” толгойгүй болсон гэхэд хилсдэхгүй гэнэ. Удирдлагууд нь ажилчдаа дарамталж, өөрсдөө тансаглаж, олны нүдэн дээр хөлжих болж. Үнэндээ ч намын шахаагаар юугаа ч мэдэхгүй цүнх баригчдыг, улаан хамгаалагчдын хамтаар шахсаар боловсон хүчний бодлого нойл заасан гэхэд болно. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа гэхэд хуулийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн. Өдгөө албан тушаал хашихын зэрэгцээ хэрхэн хуулийг гууль болгож байгааг нэхэн мэдээллэх болно.

Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан талаарх мэдээллийг хүргэе. Хэлтсийнхэн нь нэр хэдэнтээ өөрчлөгдсөнөөс бус тэрбээр энэ суудалдаа хэвээр байгааг ч тус үйлдвэрийн ажилчид хэлж байсан юм. Тэрбээр хувийн компани болох “Үйлстсофт” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/007-13 тоот гэрээгээр Эрдэнэт үйлдвэртэй 54,5 сая төгрөгийн өртөг бүхий “Разработка цифровых систем беспроводной широкополосной связи на предприятия Эрдэнэт” буюу “Эрдэнэт үйлдвэрт утасгүй өргөн зурвасын тоон системийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч тус ажил хийгдээгүй бөгөөд ажил гүйцэтгэсэн, хүлээлцсэн актыг хуурамчаар бүрдүүлж 50 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байдаг. 2015 онд тус ажлын үр дүн, эдийн засгийн үр ашиг, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдлын талаар "Эрдэнэт үйлдвэр"-ийн Хөгжлийн хэлтсээс 120/77 тоот албан бичгээр тодруулахад Г.Жаргалсайхан цехийн даргын хувьд эрх мэдлээ ашиглан хуурамч мэдээлэл бүхий хариу хүргүүлж “төөрүүлсэн” байдаг.

Мөн “Номун золбоо” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ус өргөх станцийн чиглэлийн газар доорх шилэн кабелийн ажлыг гүйцэтгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-тэй 7/057-14 тоот гэрээ байгуулсан ба энэ гэрээнд Эрдэнэт үйлдвэрийг төлөөлж Г.Жаргалсайхан өөрөө гарын үсэг зуржээ. Гэтэл энэ ажил нь хийгдээгүй бөгөөд Г.Жаргалсайхан дарга 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр А/83 дугаартай тушаал гаргаж, өөрийн цехийн Холбооны хэсгийн ажилтнуудаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд Булган аймгийн Хангал сумын Сөртийн гүүрнээс Хангал сумын урд хэсэг хүртэл 7.2 км газар доогуур шилэн кабель суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх замаар гэрээний олон сая төгрөгийг завшжээ.

“Номун золбоо” ХХК-ийн захирал Б.Сурмаахорол нь Г.Жаргалсайхантай нийлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ХМТАЦ-ийн Холбооны хэсгийн ажилтнуудын хийсэн ажлыг өөрийн компанийн ажилтнуудаар хийж гүйцэтгүүлсэн мэт актыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, ажил хүлээлгэн өгөх актыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус хуурамчаар үйлдэж, Эрдэнэт үйлдвэрийн Их барилгын хэлтсийн тухайн үеийн дарга, инженерүүдээр энэ ажилдаа хяналт тавиулсан мэтээр хууран мэхэлж, гарын үсэг зуруулсан байдаг. Уг хуурамч акт нь илэрсэн боловч Г.Жаргалсайхан арга заль хэрэглэн өөрийгөө хариуцлагаас мултруулж, Их барилгын хэлтсийн инженер н.Данзанваанчигт хариуцлага тооцуулах байдлаар нуун дарагдуулсан гээд олон мэдээлэл хөвөрнө.

Үүнээс гадна хэд хэдэн даргын хуудуутай үйлдэл бий. Тийн атал хууль бус зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй хэмээн цээжээ дэлддэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх чихээ таглаж, нүдээ бөглөсөн нь сонин.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү