Гурван үеэрээ "гангарсан" АН


2019-10-07 11:11:36

Ахмадын баярыг угтан Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас “Гурван үеийн чуулга” уулзалтыг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа. Ахмадын өдрөөр азай буурлуудыг хүндэтгэн угтахаас гадна тэдний сургаалийг сонсч, үйл хэргийг нь залгамжлах дунд болон залуу үеийнхний уулзалтыг хамтатган зохион байгуулсанаараа энэ удаагийнх онцлог байлаа.

Энгэртээ одонгоо гялалзуулж, шинэхэн дээлээрээ гоёсон азай буурлуудыг дунд үеийнхэн нь тохой түшин угтан мэндчилнэ. Нэгнээ санагалзсан мэт ийш, тийш харж “Хөөе хүү минь тэр ирээ юу” хэмээн лавлаж, дотогш орохоо харзнаж, холын бараа ширтэн нэгнээ хүлээх аж. Хүлээж байсан нөхөд нь ч ирлээ, хөөрцөглөн баярлаж, нэгнээ угтах энэ л агшин. Баярын мэнд хүргэхийн сацуу ардчилсан хувьсгалын тэртээх он жилийг санагалзан дурсаж, сэтгэл нь уужирсан аятай дотогш орж, суудлаа эзлэв, партизанууд.   

“Улаанбаатар палас”-д болсон эл арга хэмжээнд АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга Д.Батцогт нар оролцсон. Мөн ахмад үеийг төлөөлсөн 1000 буурай, дунд болон залуу үеийн төлөөлөл 2000 иргэн чуулга уулзалтад оролцож, үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулсан юм.

Нийгмийн байдал ороо бусгаа, иргэдийн амьдрал амаргүй эл өдрүүдэд гурван үеийн төлөөлөл уулзаж, ирээдүйгээ төлөвлөх сайхан боломж, завшаан гэдгийг намын дэд дарга онцолж байсан юм.

Чуулга уулзалтад оролцогчдод баяр хүргэж, “Цагаан лавай” чуулгын жүжигчид, гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, дуучин С.Энхмандах, Т.Баяндалай нар ая дуугаа өргөв.  Өвгөн партизанууд хууч хөөрч, дурсамжаа сэргээхийн зэрэгцээ өнөөгийн нөхцөл байдлын талаар дунд болон залуу үеийнхэнд сургамж айлдав.

Харин шилжилтийн үеийг хүүхэд насаараа туулсан дунд үеийг төлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа үг хэлсэн юм. Тэрбээр социализмын үед төрж, картын бараанд хэрхэн ахтайгаа дугаарлаж, ардчилсан хувьсгал ялалт байгуулсанаар түүний амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг ярив. Тэрбээр “Би Монгол Улсад социалимз ид бандан бадарч байх үед төрсөн. Энэ үед Улаанбаатар хотод бүтээн байгуулалтууд ид явагдаж, 3,4 хорооллууд, 40, 50 мянгантын орон сууцны барилгууд баригдаж байв. Энэ бүхэн нь ЗХУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байсан юм. Монголд ажил өрнөж байсан боловч шийдвэрийг Монголд биш Москвад гаргаж байсан үе. Намайг хүүхэд байхад ЗХУ болон БНХАУ-ын хороонд харилцаа муудаж ЗХУ-ын цэргийн ангиуд олноороо байгуулагдаж байлаа” хэмээн дурссан. Түүний өвөө лам байсан бөгөөд сайн цаг ирнэ хэмээн зөгнөн хэлдэг байжээ. Хэдийгээр өвөөгийн хэлсэн сайн цаг ирсэн ч тэр үзэж чадаагүй. Гэхдээ олон хүн ардчиллын үр шимийг хүртэж явааг тэрбээр онцолсон юм.

“Хүмүүнлэг ардчилсан нийгэмд өсөж, хүмүүжиж байгаа би дэндүү азтай хүн” хэмээн У.Энхжин охин хэлэв. Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч тэрбээр “Надад эх дэлхийн хаана ч бахархалтайгаар хэлэх эрх чөлөө, эзэн Чингис, эх түүх гээд олон үнэт зүйл бий. Энэ үнэт зүйлийг бид түүчээлэн авчирсан ахмад буурлууддаа, ардчилсан салхийг мэдэрч, өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрсэн дунд үеийнхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.

Түүний хувьд социализмын үед ажиллаж, амьдарч байгаагүй. Гэхдээ аав ээж, ах эгч нараасаа ардчиллын тухай сонссоор өсчээ. Энэ талаар тэрбээр “Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхгүй байсныг сонсоод гайхдаг байсан. Чухамдаа энэ ямар байдгийг зарим залуус мэдэхгүй ч гэсэн миний хувьд хойд Солонгосын тухай мэдээ, нэвтрүүлгээс мэдэж авсан. Тэндээс бид ямар нийгмийг, ямар цаг хугацааг туулсан тухай харьцуулан ойлгож авсан. Бүтэн 70 гаруй жил ийм нийгэмд амьдарч ирсэн аав, ээж, эмээ өвөөгөө бодохоор өмнөөс нь харамсах сэтгэл төрдөг. Монголд яагаад ардчилсан хувьсгал дөнгөж 30-хан жилийн өмнө ирээ вэ. Ардчилсан хувьсгалын салхи ямар хожуу биднийг сэрээгээ вэ. Хонхны дуу арай эрт эгшиглэж болоогүй юм болов уу гэж хааяа эргэцүүлдэг” хэмээлээ.

30 жилийн өмнө эгшиглэсэн тэр хонхны дуу Монголын шинэ өнгө төрхийн эхлэл байлаа.

Д.Батцогт: Улс төрийн намууд төрийн алба горилогчдын баг болж хувирсан

Чуулга уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой цөөн хором ярилцсан юм.

-Танд ч мөн баярын мэнд хүргэе. Ахмадын баяр гэхээр буурлуудаа хүндэтгэн, гарын бэлэг өгөөд тараах төдийгөөр боддог болж. Энэ удаагийн уулзалт онцлог зүйл арвинтай бололтой?

-Ахмадын баяраар тэднийг баярлуулахаас гадна үг, сургаалийг нь сонсох нь зүйтэй гэж бодсоных. Энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь энэ. Ахмадууд маань Монголд ардчиллыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатнууд. Аливаа зүйлд бодлогын залгамж чухал. Тэр үүднээс ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөллийг урьж чуулж уулзалт зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтаар ахмадууд туршлагаа ярих бол дунд болон залуу үеийнхэн цаашдаа ардчиллыг хэрхэн арчилж, хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцах юм. Цаашдаа ахмад, залуучууд гэж тусгаарлахгүй нийтээрээ эв нэгдэлтэй байж, энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө явах нь зүйтэй юм.

-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам ихтэй. Тэр дундаа иргэдийн амьдралын баталгаажих түвшин доогуур гээд бусад дүүргээс ялгарах зүйл их?

-Нийслэлийн хамгийн том дүүрэг болж байна. 43 хороотой. Дэндүү нүсэр гэж хэлж болно. Тэр хэрээрээ Сонгинохайрхан дүүрэг хөгжлөөрөө харьцангуй хоцрогдсон. Агаар, хөрсний бохирдол, ядуурал, ажилгүйдэл гээд тоочвол олон асуудлыг ярьж болно. Иргэд стерсс бухимдал ихтэй байгаа нь үнэн. Энэ нь юунаас болж байна гэхээр нийгмийн тэгш бус байдал газар авсантай холбоотой.

-Нийгмийн тэгш бус байдал гэхээр..?

-Боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж тэгш бус байна. Мөн орлогын индекс, жендерийн тэгш бус гээд тоочиж болно. Ер нь тэгш бус байдал газар сайгүй байгаа.

-Улс төрийн намуудын харалган бодлогын гай гэж хэлж болох бус уу. Өдгөө улс төрийн намуудын нэр хүнд ч муу боллоо. Та үүнтэй санал нийлэх үү?

-Улс төрийн намуудын нэр хүнд харьцангуй муу байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр намуудын төлөвшилтэй холбоотой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд төрийн алба горилогчдын баг болж хувирсан. Өөрөөр хэлбэл, төрийн алба горилж байгаа хүмүүсийн цуглуулга болж хувирсантай холбоотой намуудын төлөвшил огт байхгүй болсон.

-Уг нь улс төрийн нам гэдэг үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тийм үү?

-Угтаа нам гэж ямар байх уу гэхээр үнэт зүйл, үзэл баримтлал дээр нэгдсэн нэгдэл байх ёстой. Хүн тойрсон, ямар нэгэн зүйл горилсон нэгдэл биш. Энэ нийгмийг хөгжүүлэхийн тулд үнэт зүйл, үзэл баримтлалдаа үнэч тууштай байх. Улмаар түүнийг хамгаалдаг байх ёстой. Харамсалтай нь тийм биш болж.

-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. АН энэ хугацаанд мөн л төлөвшиж чадаагүй?

-АН цоо шинэ шинэчлэлийг эхлүүлсэн. Дүрмийн тогтолцооны хувьд томоохон шинэчлэлүүдийг хийлээ. Гишүүд суурьтай нам болж хувирсан. Гишүүдээсээ дарга, удирдлагаа сонгодог болсон. Дараагийн нэг шинэчлэл нь үзэл баримтлал. Үзэл баримтлалын шинэчлэлийг анх удаа зоригтойгоор баруун төвийн нам гэж илэрхийлээд тэр үзэл баримтлалаа шинээр томьёолж, бүх гишүүнээрээ хэлэлцүүлж Дээд шүүхэд бүртгүүлсэн анхны нам болсон.

-Үүнээс цааш энэ намын төлөвшил..?

-Үүнээс цааш энэ намын төлөвшил юу болох вэ гэхээр хэн нэгэн даргыг дагаж далдганадаг биш, яг үзэл баримтлалаа тойрсон нэгдэл ббий болж байгаа юм. Энэ үзэл баримтлалаасаа гажсан дарга, удирдлагууд, улстөрчдөд хатуу цохилт өгдөг ийм нам болж төлөвших ёстой. Ингэж байж намын төлөвшил зөв явна.

-Улс төрийн нам төрийн эрх мэдэл рүү тэмүүлдэг шүү дээ?

-Яг тийм. Тиймээс тэр төрийн өндөр албан тушаалаа эрх ямба, эд баялаг гэж харахгүйгээр салбар болгондоо нийгмийн тэгш бус байдлыг арилгахын тулд нэг ч гэсэн зүйлийг өөрчилж чаддаг ийм дарга, удирдлагууд байгаасай гэж... Энэ чиглэл рүү намууд улсынхаа хөгжлийн бодлогыг чиглүүлж явах ёстой.

-Сонгинохайрхан дүүргийн АН хамгийн их хагарал, бутралтай. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг үргэлж талцаж, хуваагдаж байдаг. Энэ шинэчлэл тэдэнд хэрхэн нөлөөлөх бол?

-Сонгинохайрхан дүүргийн АН нэлээдгүй хагарал бутралтай. Хоорондоо хэрүүл хийдэг нам. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө төрийн алба горилогчдын баг хэлбэрээр зохион байгуулагдсантай. Иймээс сандал ширээ янз бүрийн юмандаа хүрэхийн тулд хэсэг бүлгээрээ бүлэг фракц болж хуваагддаг. АН-ын шинэчлэлийн хүрээнд ямар зүйл өөрчлөгдсөн гэхээр фракц гэж байхгүй болсон. Хуучин Үндэсний зөвлөлийн хороон дээр кноп тоолдог байдал үгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, даргын тухай тэнд яригдахаа больсон. Ингэснээр фракцийн тухай ойлголт хүчээр арилж байгаа юм. Энэ байдал дүүрэг, анхан шатанд зугуухан бий болно. Бүлэг фракцийн оронд хэн том харж чадсан, улс орны эрх ашиг, ард түмний язгуур эрх ашгийг хэн бодож чадсан, үзэл баримтлал, үнэт зүйлээ дээдэлсэн нь гарч ирнэ. Энэ чиглэл рүү өөрчлөлт сайхан явж байна. Нэг үеэ бодвол дээрдсэн зүйл олон бий. Жишээ нь, 30 хэдхэн үүрийнхээ хурлыг хийж чаддаггүй байсан бол 3000 гаруй хүнтэй томоохон арга хэмжээг зохион байгуулаад зогсож байна шүү дээ.

-Дүүрэгтээ АН нэг ч удаа засаглаж үзээгүй байх аа?

-Сонгинохайрхан дүүрэгт АН нэг ч удаа засаглаж үзээгүй. МАН тасралтгүй 30 жил засаглалаа. Өнөөдөр дүүргийн хөгжлийг хар. Утаанаас эхлээд бэрхшээлүүд ихссэн үү гэхээс багассан зүйл алга. Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулж, ялгаатай өнгө төрхтэй хөгжүүлэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бий.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2019-10-08 08:54:21-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.17.132
АН худалдагдсан.
Зочин 2019-10-07 18:43:39-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.17.132
Эрдэнийн гар хөлүүд СХД-ийн АН-ын гишүүдийг өөрсдийн үзэмжээрээ хөөж туулан болсон гэнэ лээ шүү. 2020 оны сонгуульд Баярцогт, Аажимдаа,Цэцэгмаа 3-ыг хөөж явуулах болно
АН гишүүн 2019-10-07 18:12:08-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.21.215
МАН-ын тагнуул, Эрдэнэ вангийн бөгсний алчуур батцогт 3 н мэдрэл муутай галзуу авгайтай нийлж Сонины АН-ыг булшилж байна. Та нарыг ирэх сонгуулиар тойрог дээр нь очиж дуусганаа.