Хэлмэгсдэд олгох мөнгөн дүн Үндсэн хуультай харшилдах эсэхийг Цэц хэлэлцэнэ


2019-10-08 19:16:18

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;”, мөн “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.” гэж заасан байгаа билээ.

Хуулийн эдгээр заалт Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл ирүүлжээ. Тодруулбал, өргөдөл, мэдээлэл гаргагч нар дээрх маргаан бүхий зохицуулалтаар нөхөх олговорын хэмжээг тэгш бус ялгаатай тогтоосон, хорих ял эдэлж байхдаа нас барсан хэлмэгдэгчийг цаазалсантай адилтган үзэхгүйгээр нөхөх олговорыг бага хэмжээтэй хуульчилсан, мөн хэлмэгдэгчийн ач, зээ, түүний шууд асрамжид байсан хүнийг нөхөх олговор авах этгээдэд нэрлэн заагаагүй нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгож байгаа гэж үзсэн байна. Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр болно гэж Цэцийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү