ТАНИЛЦ: Л.Оюун-Эрдэнэ сайдын “Эрдэнэт үйлдвэр”-т шахсан Б.Баттулга


2019-10-09 10:37:31

2019.03.06-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Онцгой дэглэм тогтоов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ мэдээг өөрийн биеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудад сонордуулахаар болж, өдөр хугаслан автобус дүүрэн сэтгүүлчдийн хамт Орхон аймагт очиж байв. Улмаар есөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжилсэн юм. Тэдний оронд хүн томилох эсэх асуултад тэрбээр “Юуны өмнө бүтцийн өөрчлөлтөөр орон тоо нь цомхон боллоо. Зургаан сарын хугацаанд дээрх орон тоон дээр хүн ажиллахгүй. Харин 1-р гарын үсэг шилжинэ. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/, Ажлын хэсэгтэй ярилцаж байж шийдвэрлэнэ. Нэмж нэг ч хүнийг томилохгүй” хэмээн том дуугаар мэдэгдсэн. Мөн улс төрийн шалтгаанаар нэмж хүн халахгүй байхаа ч энэ үеэр онцолж байсан юм.

Харамсалтай нь, тэр хэлсэндээ хүрсэнгүй. Зургаан сарын хугацаанд тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, ар хударгаар нь ажлаа амжуулж явна. Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээс эхэлж “Эрдэнэт үйлдвэр”-т бүтцийн өөрчлөлт хийгдэж, Хэнтий аймгийн залуус албан тушаалд томилогдож эхэлжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Баттулга өдгөө Уурхайчин соёлын ордны орлогч даргын сэнтийд залраад байна.

2016 оны сонгуулиар “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” хэмээх уриан дор Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Оюунбаатар нар гар барьж, инээмсэглэсэн сурталчилгааны хуудас Хэнтий аймгийн Дадал сумыг бараг л бүрхсэн. Хэн хэн нь санасандаа хүрч сонгогдсон төдийгүй дор бүрнээ албан тушаал хаших болсон билээ. Гэвч хүний шунал барагддаггүй юм хойно, нэг нь өгсөхийн хэрээр нөгөөх нь хавчуурганд нь шат дахиж яваа нь энэ.

Б.Баттулгаас гадна Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны нэр бүхий 8 хүн мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын байраар хангагдаад байна. Тэд НАМЗХ-гоор овоглохоос гадна “Хэнтийн залуус” гэх тодотголтойг ч эрдэнэтийнхэн ам дамжин ярьж байна. Дээрх 8 хүний нэр, албан тушаалыг дараа, дараагийн нийтлэлээр цувралаар хүргэх болно.

Юутай ч Эрдэнэтчүүдийн хэлсэнчлэн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын шударга ёс шувтарсан нь үнэн бололтой. Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөхцөл байдал өмнөхөөсөө дордож идэж уух үйлдвэр болж хувирчээ. 40 сая ам.долларын “Стандарт” банкны хэрэг, 150 сая ам.долларын нууц шахаа, мөн Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрон хүрээлэгчид “Эрдэнэт үйлдвэр”-т үүрлэлээ.

Ёстой л Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэнчлэн 27 жил шударга ёсны ган болсон цөлд 40 литр ус хийлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй нь үнэн байж. Тэр энэ өөрчлөлтийг хийж чадахгүй нь ч үнэн байсны баталгаа нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү