Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


2019-10-11 19:35:42

УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 04, 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал нар ажилласан болно.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын салбарт дарамт учрах эсэх, нийслэл хот болон хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэг, оношлогоонд хэрхэн хамруулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж байгаа иргэдийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэж батлах, аймаг, дүүрэгт оношлогооны төв байгуулах, 50-аас дээш насны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад шаардлагатай төсвийг Монгол Улсын оны улсын төсвийн төсөлд суулгах талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт суулгаж өгөхгүй бол хэрэгжих боломж хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт лавлагаа, шатлалын эмнэлгийн ачаалал өндөр байгаагаас иргэд төрийн өмчит эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авч чадахгүй үүдэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгөнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулах боломж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Ундармаа хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг Сангийн яамтай ярьж, шийдвэрлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, үг хэллээ.


    Байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Эрүүл монгол хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, эрт илрүүлэг сайн хийж байгааг болон хорт хавдар өвчнийг оношлох, эмчлэх талаар Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон өөрсдийн хүч, нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа тухай, хуулийн төсөл нь хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд шаардагдах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байгаа талаар үг хэллээ.

    Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох хэсгийг өөрчлөн найруулснаар шийдвэрлэх боломжтой гэж Ажлын хэсэг үзсэн тул уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг М.Оюунчимэг гишүүн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Энх-Амгалан, Г.Тэмүүлэн, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Д.Дамба-Очир, Д.Ганболд, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

    Гишүүдийн зүгээс Монгол Улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байгаа тул эрт илрүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй. 2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас барж, гамшгийн хэмжээнд хүрч байгаад төр засаг онцгойлон анхаарах шаардлагатай. Тиймээс 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн төвд хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулж, хөрөнгийг улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахын зэрэгцээ цаашлаад эрт илрүүлгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уяж өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн төсөлд хорт хавдрын эрт илрүүлэлтийг 40 наснаас гэж заасан шалтаан болон энэ асуудалд шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулав.

    Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү, хорт хавдраар өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл 40-өөс дээш насныхан эрсдэл бүлэгрүү орж байна гэсэн тайлбарыг мэргэжлийн хүмүүс нь өгсөн тул 2020 оны төсвийн байдлаар 598,6 мянган хүнийг үзлэгт хамруулж, 23.9  тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хариултдаа тодотгосон бол төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир хорт хавдраар өвчлөгсөд насны хувьд залуужиж байгаа тул хуулийн зохицуулалтаа эргэн харах нь зүйтэй гэдгийг хариултдаа онцолж байлаа.

    Монголд найман төрлийн хорт хавдарт эрт илрүүлгийн багцыг урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад оруулсан. Асуудлыг үүгээр хязгаарлаж болохгүй гэдэг гишүүдийн байр суурьтай санал нэг байгаагаа Эрүүл мэндийн сайд хариултдаа дурдав. Тэрбээр, нийт хорт хавдраар өвчлөгсдийн 70 гаруй хувийг дөрвөн төрлийн хавдар эзэлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар 36 хувь, ходоодных 15 хувь, уушгиных 9 хувь, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар зонхилж байна. Хуулийн төслийн гол зорилго нь 21 аймаг 9 дүүрэгт хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг оношлогооны нэгж байгуулах явдал бөгөөд дэлхийн нийтийн чиг хандлага ч ийм байгаа гэдийг хариултдаа тодотгосон.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, хорт хавдрын хожуу үе шат нь нийт өвчлөгсдийн 80 гаруй хувийг эзэлж байгаа тэнцвэргүй  тэмцэлд Улсын Их Хурлын гишүүд онцгойлон анхаарч, дэмжиж, орон нутагт эрт илрүүлгийн үзлэг оношлогооны гарааны нэгжийг байгуулж байгаа нь түүхэн гавьяа гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр, эрт илрүүлгийн үзлэг оношлогоог явуулснаар Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал төдий чинээ нэмэгдэх тул эмнэлгийн өргөтгөл, үйл ажиллагааг сайжруулахад цаашид анхаарч ажиллахыг онцгойлон хүсч байлаа.      Ингээд  хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсны дараа Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ниймгийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү