Албан тушаалаар дулдуйдсан төсвийн хуваарилалт


2019-10-18 09:33:13

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Ирэх оны төсвийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн бөгөөд гишүүд тасуулт асууж харилт авав. 

Засгийн газрууд сүүлийн жилүүдэд макро түвшний олон асуудал шийдвэрлэж ажилласныг гишүүд тэмдэглэж байв. Нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангах бүтээн байгуулалтын монголын талаас гаргах 10 хувийн хөрөнгө оруулалт буюу 70 орчим тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан эсэхийг О.Батнасан гишүүн тодруулж, Ч.Хүрэлбаатар сайдаас тайлбар авав.

2016-2019 он эдийн засгийн хүнд сорилтыг туулсан жилүүд байсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг нэмэх болгох, өрийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, ОУВС-тай хамтран ажилласны үр дүнд дампуурлын ирмэг дээр байсныг өнөөдрийн түвшинд хүргэхээр өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан болохыг тэрбээр дурдсан. Өнөөдрийн хэлэлцэж буй төсвийн төслийг ач холбогдлыг тэрбээр чухалчлаад аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийг хэр анхаарсан болохыг лавлаж асуусан. Түүнчлэн гадаад болон дотоод эрсдэл өндөр байгаа учраас төсвийн орлогыг бодитой төлөвлөх, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгааг анхаарах, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн өртөгт хязгаар тогтоох аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай гэдэг саналыг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. 13.8 их наяд төгрөгийн зарлагатай, 11.7 их наяд төгрөгийн орлоготой, хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг хэлэлцэж буйг тэрбээр онцлоод төсвийн алдагдлын талаарх төлөвлөлтийн талаар тодруулсан. 

Сангийн сайд, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлав. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, “саарал жагсаалт”-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.

Хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт болохыг тайлбарласан. Тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон “Ирээдүй өв сан”-гийн орлогууд тооцогдоогүй болохыг хэлж байв. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ. Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бондын хүүгээр нөхөхгүй гэдэг зарчмыг баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгааг Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулахын бол үр дүнгүйгээс эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг “ил тод, үр ашигтай, цахим” хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаа хэлсэн. 

Ийнхүү Эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд төсвийн хэмнэлтийн хүрээнд сайн ажилласан хэмээн сайшаах нэгэн байсан бол орон нутгийн төсвийн хуваарилалт шог байгааг олонх гишүүн шүүмжлэв. Гишүүн Д.Эрдэнэбат аймгуудын төсвийн хуваарилалт илт зөрүүтэй байгааг шүүмжилж байв. Тодруулбал, тэрбээр "2020 оны улсын төсөвт суусан нийт хөрөнгө оруулалтын жагсаалт байна. Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум, Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг байна. Эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт энэ мөн үү? Яагаад эдийн засгийн чиг хандлагаа харж чадахгүй байна вэ? Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймаг гэсэн газрууддаа яагаад хөрөнгө оруулалтыг хасав" хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байх шиг. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг бид хоёр жил дараалаад инфляцийн түвшинтэй уялдуулж нэмж байгаа. Аялал жуучлал Монгол Улсад том байр суурь эзлэх ёстой.  Эзэн Чингис гээд бид ярих дуртай. Аялал жуулчлалын бүс гээд сонгосон. Тэнд зам ч юм уу, бага сага хөрөнгө оруулалт тавихаар "илүү байна, гадуурхлаа" гэдэг чөтгөрийн сэтгэлгээгээсээ салах хэрэгтэй" хэмээв.

Ганц АН-ын гишүүн ч бус МАН-ын нөхөд ч дээрх шог хуваарилалтыг шүүмжилсэн. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төсөв хэтэрхий ялгавартай байгааг онцолж, "Ганц гишүүнтэй дөрвөн аймаг  байгаа. Төсвийн хуваарилалтыг гишүүдийн тоогоор хийж байгаа юм уу" хэмээв.

Нийслэлээс сонгогдсон гишүүд ч мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага, боломж бололцооны талаар асууж тодруулсан ч дорвитой хариулт авч чадсангүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү