Дэлхийн сонорыг мялаах шинэ сэдэв


2019-11-04 08:28:38

Монгол уул уурхайгаар дэлхийд танигдах гэж хичээж байсан бол өдгөө албан тушаалтнуудынхаа увайгүй байдал, садар самуун явдал, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр нь нүдлэгдэх болж. Монголын дипломатч конторбандын хэрэгт холбогдсон талаар Украины хэвлэл шуугиж байсан нь саяхан. Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан “Мерседес” үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийх гэхэд жолооч нь эсэргүүцэж, хаалгануудаа дотроос нь түгжиж хэсэг байсны эцэст цагдаа нарын тусламжтай нэвтэрсэн байдаг. Харамсалтай нь  Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн бөгөөд  эдгээр нь бүгд тамхи байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн юм.

Мэдээж эх орныхоо нэрийг иймэрхүү байдлаар дэлхийд тамгалсан анхны тохиолдол нь энэ биш. Үүнээс өмнө Д.Шатарбалын хэрэг гэж дуулиант явдал бий. Тэрээр дипломат дугаартай албаны машиндаа 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 оны гуравдугаар сарын 23-нд Болгарын тусгай албаныханд баригдаж улсынхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж байв. Болгарын хууль, хяналтынхан түүнийг таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь баривчиллаа хэмээн мэдэгдсэн. Мөн Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ ч харийнхны чихийг дэлдийлгэсэн. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байсан тухай бөмбөрцгийн иргэд харийн хэвлэлээс уншиж байлаа. Энэ мэтчилэн дипломат ажилтнуудын хар тамхины дуулиан тасрахгүй.

Энэ онд гэхэд Турк  улс дахь Монголын Станбулын дэд консул Б.Баттүшиг, жолоочийнхоо хамтаар дипломат дугаартай автомашинтай Герман улсын хилээр нэвтрэх үеэрээ  саатуулагдсан. Энэ үед 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явж байсан нь тогтоогдсон байдаг.

Тэгвэл сэдэв шинэчлэгдэж Монголын ЖДҮ-чдийн талаар дэлхий нийт шуугисан нь саяхан. Швейцарийн хэвлэлд “УИХ-ын гишүүн Оюундарийн хэрэг л гэхэд улс төрчдийн ичгүүр сонжуургүй зан авирын тод жишээ аж. Түүний хүү тус сангаас 950 сая төгрөг авч, өөрөө зээлдэгч болсон байна. Тэр өөрийн зээлдэгч нараас жилийн 36 хувийн хүү нэхдэг байж. Гэвч Оюундарь өөрийн энэ үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл алга. Тэрээр УБ Пост сонины сэтгүүлчид “Хэрэв надад уучлал хүсэх ёстой хүн байгаа бол миний хүү л байна” гэж хэлжээ” хэмээн ЖДҮ-д холбогдсон сайд нарыг нэг бүрчлэн бичсэн байна.

Авлига албан тушаалын асуудлаар дэлхий сонорыг мялаах болсон энэ өдрүүдэд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрч, зүй бус үйлдэл гаргасан хэргээр саатуулагдав. БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсан даруйд "Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр буруугүй, хамт зорчиж явсан А хэмээх иргэнийг өмөөрсөн үйлдлийг өөрт нь хамаатуулсан" гэх агуулга бүхий мэдэгдлийг Монгол дахь хэвлэлийн төлөөлөгчөөс нь мэдэгдсэн. Гэвч БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арай өөр байр суурь илэрхийлсэн юм. Тухайлбал, БНСУ-ын “KBS TV”-ийн мэдээллийн хөтөлбөрөөр "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүний дагалдан яваа хүмүүсийг байцаахаар онгоцноос буунгуут нь БНСУ-ын цагдаа нар очсон боловч Д.Одбаяр даргын халдашгүй эрхтэй гэсэн үгэнд итгээд суллаж явуулжээ. Харин БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас энэ хүмүүст халдашгүй эрх байхгүй болохыг тогтоосон” талаар мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү