Д.Эрдэнэбат: Мөнгө угаах ажиллагаа цахим бүлэглэл нэрийн дор явагдаж байсан нь тодорхой байгаа


2019-11-04 15:07:09

Уламжлал ёсоор УИХ дахь бүлэг, зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. УИХ дахь АН-ын зөвлөлийн хурлаар 800 орчим хятад иргэдийн баривчилгаа, мөн ирэх оны төсөв болон цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.

Хэлэлцсэн асуудлын талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвлөлийн хурлаар өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байсан цахим аюулгүй байдлын асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авлаа. Олон тооны хятад иргэд нууцаар, зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдэж байсан. Тиймээс холбогдох байгууллагуудын мэдээллийг хаалттай хэлбэрээр сонслоо. Энэ асуудлаас үүдэж манай улсад ямар хор хохирол учрах вэ гэдэгт цаашид анхаарах ёстой. Онцолж хэлэхэд, баривчилгааны үеэр олон зуун хятад иргэн нэг газраас жуулчны виз авсан нь анхаарал татаж байгаа. Хоёрдугаарт, цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт туйлын хангалтгүй байгаа нь харагдсан. Гуравдугаарт, баривчилгааны үеэр 1.5 тэрбум төгрөгийн хэмжээний бэлэн мөнгө хураагдсан нь мөнгө угаах үйл ажиллагаа уг цахим бүлэглэл нэрийн дор явагдаж байсан нь тодорхой байгаа" гэсэн юм. 

АН-ын зөвлөлд Гадаадын иргэн харьяатын газраас ирсэн мэдээлэлд нийт 783 хятад иргэн гэсэн байсан. Үүнээс Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас жуулчны 30, бизнес ангиллаар 94 хүн виз авсан. Харин Хөх хот дахь Консулын газраас жуулчны ангиллаар 566, бизнесийн ангиллаар 48 виз авсан хэмээх мэдээллийг өгчээ. Бээжин хотод суугаа Элчин сайдын яамнаас жуулчны ангиллаар 41, Хонг Конгийн Консулын газраас бизнесийн ангилаар дөрвөн виз тус тус авдаг аж. 

Харин эдгээр иргэдийн тухайд Засгийн газрын тогтоолын дагуу хоёр компани жуулчин оруулж ирэх нэрийн дор нийтээр нь виз даруулсан хариуцлагагүй явдал болсон хэмээн Д.Эрдэнэбат мэдээллийнхээ үеэр хэлсэн юм.

Ирэх оны төсвийн тухайд сонгууль руу чиглэсэн улстөржсөн хийдэл ихтэй гэх дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, сонгууль хаяанд ирсэн тул МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэсэн, тооцоололгүй төсөв болсон хэмээн зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн байна. Иймд гишүүдийн байр суурийг тусгасан дүгнэлтээ хүргүүлэх болно гэдгээ Д.Эрдэнэбат онцоллоо.

Өнгөрсөн долоон хоногт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Ашигт малтмалын нөөц ашигласны татварын 47 дугаар зүйлийг хүчингүй болгосон асуудлыг мөн зөвлөлөөр хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг яаралтай авч хэлэлцэх шаардлага тулгарч байна. 1.3 их наяд төгрөгийн ордогын ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бүрдүүлдэг. Гэтэл Цэцээс Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихсэн. Үүнийг засах хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачилж, яаралтай горимоор хэлэлцүүлэх учиртай. АН-ын зүгээс уг хуулийн заалтуудыг сайжруулах хувилбар боловсруулаад Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байна. Оновчтой зохицуулахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байна” хэмээсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү