Мал хулгайлах гэмт хэрэг 81 хувиар өсчээ


2019-11-11 09:22:47

Өргөдлийн байнгын хороо мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлсэн юм.

Манай улс хүн амынхаа тоотой харьцуулахад хэдэн арав дахин сая олон малтай боловч махны үнэ өндөр, хэрэглээ их, хүн амын амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл өндөр байгаа нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Иргэд амин зуулга болсон малаа хулгайд алдан хохирч, харин гэмт хэрэгтнүүд ял завшин үлдэж байгаа тул Эрүүгийн хуульд заасан ял, шийтгэлийг чангатгах талаар өргөдөл, гомдол ирүүлж байгаа аж. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн, мөн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн Засгийн газраас дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа юм. 

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, төрийн бус байгууллага болон өргөдөл гаргасан иргэд, мөн малчдын төлөөлөл оролцов. Түүнчлэн онлайнаар Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын ажилтнууд холбогдон оролцов. 

Эхлээд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга  хэмжээний талаар танилцуулга хийв. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2004 онд батлан гаргаснаас хойш хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд уг хуулийг шинэчилсэн найруулгаар бэлтгэх Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664 хэргээр буюу 81.0 хувиар өсчээ. Зүүн бүсийн болон төвийн аймгуудад мал хулгайлах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй, харин баруун аймгуудад хил дамнасан малын хулгайн гаралт өндөр байдаг талаар танилцуулгадаа дурдаад мал хулгайлах гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаасаа танилцуулсан юм. 

Дараа нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн  дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн малын хулгайн гэмт хэргийн  90 гаруй хувь нь хөдөө орон нутагт, 10 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн зэрэг малын хулгайтай холбоотой тоон мэдээллүүдийг тэрээр дурдаад мал, мах, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаа хяналтгүй болсон нь малын хулгай өсөхөд нөлөөлж байгааг онцолж байв. 

Дээрх албан тушаалтнуудын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуултт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд, малчдын төлөөлөл, мөн онлайнаар оролцсон аймгуудын албан тушаалтнууд саналаа хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг санал гаргасан юм. 

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг холбогдох хуулийн төсөлд тусгуулахаар Хууль зүйн байнгын хороонд, мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, холбогдох дүрэм журам хоорондын зөрчил, давхардалттай холбоотой саналуудыг нэгтгэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү