Сэлэнгийн ИТХ-ын даргын хүү ЖДҮ-гийн мөнгөөр "тогложээ"


2019-11-12 10:08:11

ЖДҮХС-гаас зээл авч, түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө хүүлсэн нэр бүхий 8 аж ахуйн нэгжийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлав. АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү “ЖДҮХС-аас  санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд дундаас 34 нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг.  Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байна. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэрхүү найман аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд “Урансэлэнгэ” ХХК-ийг нэрлэв. Тус компани дээрх сангаас 300 сая төгрөг авчээ. Тус компани 2009 онд тоосго үйлдвэрлэлийн зориулалтаар байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлаар Б.Энхбат ажилладаг. Мөн Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай. Монголын талаас “Халиун уул” компани, БНХАУ-ын талаас “Шин Шэн Да” компани хувь эзэмшдэг аж.

Хувь эзэмшдэг “Халиун уул” компанийн эзэн нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа. Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч “Урансэлэнгэ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо 2015 онд мэдүүлсэн байдаг. Гэвч дараагаар нь компани шилжүүлж, өөрийн нэрээ хасчээ.

Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан намтартай нэгэн. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болсон түүхтэй. 

Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай “Уран сэлэнгэ” компанийн удирдлага болох Б.Энхбат нь ИТХ-ын дарга Г.Бямбаагийн хүү.  Өөрөөр хэлбэл, “Урансэлэнгэ” компанийн 40 хувиа  хүүдээ шилжүүлсэн гэсэн үг.  Ямартай ч ИТХ-ын даргын хүү ЖДҮХС-гийн хөрөнгөд гараа дүрч, тэр бүү хэл мөнгө угаасан асуудалтай хутгалдлаа. Аавынх нь нөлөө бий эсэхийг АТГ шалгах биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү