Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно


2019-11-12 15:48:24

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжлээ.

 

Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан байна.   

Харин уг тогтоолын төсөл батлагдсанаар бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах боломжтой болох юм байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүсэлт гаргасан хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд 2018 онд санаачилсан. 

Төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудал жил гаруй хүлээгдэж байгаад өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэж байна. 

Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгасан. Уг тогтоолын төсөл батлагдвал өгөхөд бэлэн гэсэн үг" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү