Х.Болорчулуун Оюутолгойн гэрээнээс болж Ц.Нямдоржийн хоолойг боожээ


2019-11-19 18:53:58

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан дуулиан дэгдсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаас болж эрхмүүд муудалцаж эцэстээ нэгнийгээ заамдахад хүрсэн аж. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлгийн хурал Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болохоос өмнө болсон юм. Эл хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бүлгээс уг дүгнэлттэй холбогдуулан Ц.Нямдорж байр сууриа илэрхийлэхээр болсон аж. Түүний байр суурийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж "Риотинто"-гийн талд байнга зогсдог гэж ширүүхэн хэлсэнээр асуудал хурцдаж, нэгнийхээ хоолойг бооход нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгажээ.

Дээрх үйл явдал болсны дараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн фэйсбүүк хуудаснаа “Өнөөдөр Оюу толгойн муу гэрээний улаан хамгаалагч, хамгийн шударга дүр эсгэж, Засгийн газарт 20 гаруй жил сайд хийж байгаа этгээдтэй Оюу толгойн гэрээг илт хамгаалж хаацайлан давшлахад нь тэвчсэнгүй, маргалдаж багагүй нервтлээ.

Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз мэт нөхдийг төрөөс зайлуулагдаж гэмээнэ, Монголчуудын хүсэн хүлээсэн шударга ёс, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, Монгол ялах буй за. Оюу толгой болон Дубайн нэмэлт гэрээ бол төрд байгаа авлигач, оффшорч нарын шилдэг бүтээл, загалмайлсан үр могой нь мөн.

Харин энэ өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн Гэрээг Монгол Улсын эрх ашгийг хохироосон хууль бус гэрээ /акт/болохыг тогтоосон нь сэтгэл тайвшруулах гэгээлэг мэдээ байлаа” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү