ТАНИЛЦ: У.Хүрэлсүхэд "дарамтлуулсан" А.Ундраа


2019-12-09 11:48:29

Нэгэн үе “Цөмийн хатан”-аар өргөмжлөгдөж байсан УИХ-ын гишүүн А.Ундраа. Улсын зардлаар боловсрол эзэмшчихээд зээлээ төлөөгүй нүгэл нь сүүдэр шиг дагалдах нь бий. Тодруулбал, эрхэм авхай Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр Гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан ч төлбөрөө төлөөгүй 393 иргэний нэрсийн жагсаалтын 36-д эрэмбэлэгддэг. Тэрбээр 1998 онд Хойд Каролайнагийн Их сургуулийн цөмийн физик атомын мэргэжлээр сурсан хэмээн Боловсролын зээлийн сангийн бүртгэлд хадагджээ.

А.Ундрааг тодотгох нэг зүйл нь УИХ-ын дарга асан М.Энхболдын үеэл дүү. Тэр бүү хэл, өнөөх “аядуу зөөлөн” гэх тодотголын автор нь А.Ундраа гэх нь бий. Чухамдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний асуултад үеэл дүү нь оролцож, дээрх асуултыг явуулсан талаар өдгөө ч ам дамжин яригддаг. Үүнээс үзвэл үеэл дүүгээсээ болж М.Энхболд эрх мэдлээсээ татгалзахад хүрсэн гэлтэй.

Тэрбээр улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн орж ажилласан нэгэн. Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх болж дэвшсэн байдаг. Энэ үед түүний нэр Японы болон дэлхийн хэвлэлээр цөмийн хог хаягдал булах байгууламжийн асуудалтай холбогдон тарж, А.Ундраа гэж хэн бэ хэмээн олон нийтэд зүслэгдэж эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлого нь аривжиж яваа нэгэн. Тэрбээр 2015 онд 23.144.00 мянган төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол өссөөр 2018 онд 29.160.99 мянга болж нэмэгджээ. Гэр бүлийн орлого нь 5 орноор яригддаг байсан бол өдгөө 6 оронтой тоонд хэлбэлздэг болсон гэж байгаа. Тодруулбал, түүний гэр бүлийн орлого 2015 онд 28.000.00 мянга байсан бол 290.889.24 мянга болж нэмэгджээ. 8 сая төгрөгөөр үнэлэгдэх мал сүрэг нь аривжиж 9.7 сая болж үнэлгээ ч өссөн. Үнэт эдлэлийнх нь хэмжээ ч өссөнийг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

“Миний бие намрын чуулганы хаалтын үеэр үг хэллээ” хэмээн өөрийн зургийн хамт цахим орчинд цацаж, парламентын босго алхсанаасаа хойш үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэнээ олон нийтэд мэдэгдсэн нь энэ. Тухайн үед хөөрхий минь үнэндээ асуулт ч тавьж үзээгүй онгон дагшин бүсгүй гишүүн байсан гэх хошигнол ангийнхнаасаа нь цухалздаг.

Харин МАН-д хувьсгал гарч, Засгийн эрх өөр хүний гарт шилжсэнээс хойш аядуу зөөлөн гишүүн маань төрөл арилжиж, ам хэлээ билүүдэх болсон юм. Ямартаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлах шахаж яваа нэгэн. Магадгүй үеэл ахыг нь албан тушаалаас нь буулгаж, нөмгөн дээлтэй болгосонд хорсож явдагтай нь ч холбоотой байж мэднэ. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар нэр дэвшүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр “Их Жанжин Сүхбаатарын мэндэлсэн өдөр болж байгаа чуулганы нэгдсэн хуралдаанд би протоколд тэмдэглүүлье, Оюун-Эрдэнэ гишүүн ээ би таньд итгэхгүй байна. Та зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол энэ таны асуудал байсан байх. Гэхдээ та өнөөдөр олон хүний өмнөөс нэр дэвшсэн тул асуудал өөрөөр яригдана. Залуус шударга бус, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Та Хэнтийд Харвардын сургуульд төгссөн боловсролтой хүн гэж сонгогчдод хэлсэн. Таныг сэтгүүлч, улс төр судлаач, англи орос хэлтэй гэж намтартаа бичсэнд чинь итгэхгүй байна. Цаг хугацаа таныг ажлаа хийж чадах уу үгүй юу гэдгийг харуулна. Дараа дараагийн нэр дэвшигчдэд намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай гэж хүсч байна. Хүнд сургуульд сурах боломж олдоогүй байж болно, гол нь ямар зам туулсан гэдгээ үнэнээр нь хэлдэг байх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр би танд эргэлзэж, итгэхгүй байна гэдгээ хэлмээр байна” гэв.

Удалгүй У.Хүрэлсүх намынхаа эмэгтэй гишүүдийг дарамталж, зандарсан талаар чуулганы танхимд ам нээв. Тэрбээр хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад ёс зүйнэ хариуцлага тооцох ёстой гэж байр сууриа эмэгтэй гишүүд илэрхийлсэний төлөө бүлгийн хурал дээр намын даргаасаа зэмлэл хүртсэн гэдгээ олон нийтэд зарласан юм. Улмаар индер дээр суугаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ам асуусан. Тэрбээр “Тухайн үед хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга гишүүнд ёс зүй хариуцлага хүлээлгэх ёстой гэсний төлөө эмэгтэй гишүүдийг дарамталж, зандарч байсан. Тиймдээ ч Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлээгүй. Эцэст нь өөрөө өргөдлөө өгсөн. Гэтэл дахин хүчингийн хэрэгт холбогдлоо. Танд юу бодогдож байх юм” хэмээн тавласан юм.

Мөн ЖДҮ-гийн хэргийг хөндөж, яагаад 950, эсвэл энэ тоог 2-оор үржсэн хэмжээгээр сангийн хөрөнгийг гаргасан, хувийн хэвшлийг юуны тулд шоовдорлож, нэр цохох болсон талаар лавласан. Ийнхүү хөшигний ард болсон хөгийн явдлыг тэр чуулганы танхимд олон нийтийн өмнө ил гаргаж тавьсан.

Үнэндээ энэ Засгийн газрыг хийж, хэрэгжүүлж байгаа үг, үйлдэл эрхэм гишүүнд таалагдахаа больсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ч тэр анхнаасаа нь эсэргүүцэж байсан. Энэ талаар тэрбээр “УИХ-ын өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүдээс харахад энэ парламент юу ч хийж мэдэхээр ийм л байдал үүсчихлээ. Тиймээс парламентын бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээгүй нь дээр. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгмийн сегмент бүрээр өргөн хүрээнд хэлэлцүүлсэн зэрэг хуулийн төслийн хүрээнд хийсэн ажил их байгаа ч  харамсалтай нь үр дүнгээ өгөхгүй болов уу. Эцсийн дүндээ энэ парламент хэлэлцээгүй нь дээр л гэж би хэлнэ. Ямар ч шийдвэр гаргаж мэдэхээр аюултай нөхцөл байдал үүсчихсэн юм уу даа л гэж бодож байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байлаа.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчирхийлэл, дарангуйллын байдал руу хөтөлж байгааг ч хаа нэг хэлэх болсон юм. Уг нь үеэл ахынхаа мандан бадралтын үед тун чимээгүй суудаг байсан тэрбээр ийнхүү хэлд бас хөлд орсон. Гэхдээ тэр чимээгүй үймүүлдэг нэгэн байсныг мартаж болохгүй. МУИС-ийн зардлаар Солонгос явсан, Францын компаниас авлига авсан гээд түүнтэй холбоотой шуугиан мундахгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү