Нэхэн дурсахуй: АЛГА БОЛОХ ЗААГ


2020-01-16 11:30:25

10 гаруй жил өдөр тутмын сонины гал тогоонд ажилласан би цахим сайт ажиллуулж эхлэхээр хэдэн сэтгүүлч найзынхаа хамт сэтгэл шулуудав. Ажлаа ч эхлүүллээ. Улс төр, урлаг соёл гэхээсээ илүүтэй өнөөгийн нийгмийн өнгө төрх, иргэдийн аж амьдралыг харуулахаар болж, олон ч сурвалжлага бэлтгэв. Ингэж явахдаа хавирганы яс нь хэрзийж, судас шөрмөс нь илхэн харагдсан, нүдний цог нь үгүй болсон нүд хальтирам хүүтэй таарсан юм. 8 настай гэх боловч 5 настай дүүгээсээ өндөргүй биетэй хүүг хараад сэтгэл өвдөв. Өлсгөлөнгөөр амиа алдаж байгаа дэлхийн дүр зургийг Монголд аж төрж байгаа тэр хүүгээс ядах зүйлгүй харж болохоор байв. Үүнээс үүдэн сэтгүүлч нөхөдтэйгөө хамтран ганц тэр хүүд бус алслагдсан дүүргийн, тэр дундаа гэр хороололд амьдарч, төрийн үйлчилгээнд тэр бүр хамрагдаад байдаггүй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах аян өрнүүлэхээр шийдэв. Гэхдээ олон нийтэд сурвалжлага хүргэж, зургийг нь нийтэлж, тусламж гуйхаасаа илүүтэй өөрсдийн хүчээр бодит үр дүнтэй ажил өрнүүлэх зорилт тавьсан юм. Мэдээж амар байсангүй. Хэт сэтгэлийн хөөрлөөр эхлүүлсэн бидний ажил алхам тутамдаа саад бэрхшээлтэй учирч, тэр бүрийг шийдвэрлэх сорилтуудтай тулгарч байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Сэргээн засах төвд оношлуулж, эмчлүүлэх боломжийг судалж, сурвалжлага, мэдээлэл авах байдлаар хамтран ажиллаж тэдгээр хүүхдээ хамруулахаар болов. Сонсголонгийн шинэ замд байрлах эл төв өнөөх алслагдсан дүүргээс маань хэт хол. Цаг хугацааны хувьд өвлийн эхэн сар гарсан тул хүйтний эрч ч чанга байв. Автобус, нийтийн унаанаар зөөвөрлөх боломж үнэндээ байсангүй. Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд заавал дэргэдээ 1-2 хүн дагуулж явна. Тиймээс эхэндээ 20-30 хүүхэд хэмээн төсөөлж байсан бид тоогоо хэт бууруулж 5 болгов. Ингэснээр багадаа 10 хүнийг зөөвөрлөх унаа хэрэгтэй. Нэн тэргүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, халамж үйлчилгээний газар гээд олон ч байгууллагад хандаж, энэ талын тусламж хүслээ. Гэвч “Төрийн байгууллага мөнгө муутай. Тийм боломж  байхгүй” гэх байдлаар аргацааж байв.

Иймээс арга буюу УИХ-ын гишүүдэд энэ хүсэлтээ тавив. Төрийн ордонд өнжиж, хэд хэдэн гишүүний хаалга тогшин орж уулзав. Учир явдлаа ярьж, тусламж хүсэв. Аль дүүрэг вэ, нэг хүүхдийн ард хэдэн сонгогч байгаа, эргээд ямар үр дүн үзүүлэх гээд өөрт ашигтай хувилбарыг эхэнд нь дэвшүүлж байр сууриа илэрхийлэх нь олон. Харин энэ бүхнийг огтхон ч асуулгүйгээр биднийг дэмжсэн ганц хүн нь Д.Тэрбишдагва. Тэр бидний эхлүүлсэн ажлыг сайшаан магтаж, урам өгч, туслахаар болов. Хэлсэн өдрөө ч тохилог, дулаахан гэгч нь машин гарган өгч, найдвартай жолоочтой уулзуулсан юм. Ингэхдээ өөрийгөө төвийлгөж, бусдад энэ талаар хэлээд байх шаардлагагүйг ч онцлов. Сэтгүүлч бидний нөхөд ч эмчилгээнд хамрагдахаар болсон эцэг, эх ч баярласан гэж жигтэйхэн. Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн эмчилгээ хүүхдүүдэд үр дүнгээ өгч, ганцхан өнөөх тураалтай хүү сэтгэл зовоож байв. Энэ бүхэнд бидэнтэй хамт сэтгэл чилээж, хаашаа хэнд хандаж, ямар эмчилгээ тусламж авах уу гэж сэтгэл түгшин өөрөө байнга залгаж байсан хүн нь өнөөх Д.Тэрбишдагва гишүүн байв. Тэр хүүгийн биеийн байдал, ар гэрт нь хэрхэн туслахыг лавлаж, олон ч зүйл дээр гар сунгасан. Ингэж энэ хүнийг илүү ихээр ойлгож, таньж мэдэх боломж тохиож байв.

Хожим нь “Зааг” ном нь хэвлэгдэж, тэр хүний өссөн орчин, туулсан амьдрал, дотоод ертөнцөд илүүтэй нэвтрэх боломж олдсон юм. Тиймээс ч өөрийгөө үл голон эрхэм улстөрч ахын номонд шүүмж бичсэн минь энэ. 

АЛГА БОЛОХ ЗААГ

Түүний баруун гарын ядам хуруу мойног. Түүнийг мэддэг болоод удаагүй байхдаа л гарынх нь согогыг анзаарч билээ. Мэндлээд гар барьхад л андашгүй. Анагаахын шинжлэх ухаан хөгжөөд энэ байтугайг эмчилчихээд байхад тэгшлүүлж болдоггүй юм байх даа хэмээн бодож байснаа нуух юун. Худалдаанд гараад удаагүй ч олны таашаалыг хүлээж буй “ЗААГ” номыг сонирхон унштал өнөөх хурууны талаар уг ном эхэлжээ.

Тэр жил айхтар цастай, дүн өвлөөр шахуу болж, долоон хүүхдийн отгон нь болох Д.Тэрбишдагва хүү аав, ээжийгээ даган золгуут хийнэ гэж зөрүүдэлж, орхиод явахад нь араас нь дагаж гараад осгож үхэх шахаж. Сонор сортоотой айлын хүмүүс олж аваагүй бол амиа алдахад ч ойрхон байж. Янгуучилж, зөрүүдэлж байгаад боолтон дотор нь өнөөх хуруу нь мойнийж, муруй болон эдгэрчээ. Гадна, дотнын эмч нар түүнийг нь эмчлэх боломж бийг хэлж, зарим нь бүр эмчилж өгөх санал тавьсан ч тэр татгалзжээ. Зохиогч номдоо “хөөрхий, энэ хуруу минь бусдад сайхан харагдахгүй ч гэлээ ижий, аавдаа эрхэлж туниж явсны гэнэн томоогүй хэр нь элэг бүтэн амьдралын минь нэгээхэн гэрч юм. ...Хахирган хайруу тэр их шуурганаар намайг олж, үхлийн савраас булаан аваад, хэр чадлаараа эмнэж домносон хүнлэг ариухан сэтгэлтэй тэр хүмүүсийн ач буяныг ямагт сануулах энэ муруй хуруундаа бий хайртай...” гэжээ.

Хүний амьдралд тэр тусмаа улстөрчдийн дунд бусдад илүү сайхан харагдахын тулд мойног хуруу байтугайг засах залруулах гэж хичээдэг. Хамгийн сайхан бүхнийг өөртөө бүрдүүлэх тусам нийгмээс, жирийн олноос алслагдаж байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй. Зохиогч нүдэнд харагдахгүй ч нийгмийг бүхэлд нь заагласан тэр нэгэн заагийг бусдад таниулах, харуулахын тулд энэ мэтээр өөрийнхөө амьдралд тохиолдсон элдэв учралыг өгүүлжээ.

Зохиогч Берлиний ханыг нурааж, хоёр Германы нэгдлийн түүхэн агшныг нүдээрээ харсан амьд гэрч маань өөрийн сэтгэлийн гүн дэх ертөнцийг туулж ирсэн ажил, амьдралынхаа амаргүй давааных нь жимээр эл номоор дамжин алхах боломжийг олгожээ.

Хүн бүхэн түүхийг бүтээгч гэж юутай үнэн. Д.Тэрбишдагвын бүтээсэн түүх, гишгэсэн мөр нь Германд ч, Монголд ч тод. Малчин ард Дэндэвийн зургаа дахь хүү болон мэндэлсэн түүний туулсан зам тийм ч дардан байгаагүй аж. Аавын хүүхдүүдийг алагчилж, эрх мэдэлтнүүдийг тахин шүтдэг нийгмийн он жилүүдийг тэрбээр туулж, хөдөлмөрийнхөө үр шимээр өнөөдрийнхөө түүхийг бүтээжээ. Өөрийнх нь үүх түүхээс гадна Монгол, Германы түүхэн зурвас агшингууд ч энэ номонд багтжээ. Дэлхийн II дайны дараа балгас болон үлдсэн Зүүн Герман богино хугацаанд хөгжлийн нууц, хоёр Германы нэгдлийн дараах өөрчлөлтийн талаар өнгө будагтай нь өгүүлэх аж. Социализмаас ардчилал руу тэмүүлэх иргэдийн сэтгэл зүй, тухайн үеийн нийгмийн сэхээтнүүдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг нүдээр харж, биеэр мэдэрснээ нүдэнд харагдтал дүрслэхийн зэрэгцээ өөрийг нь тойрсон олон асуултад хариулт өгчээ.

Дөрөвдүгээр ангид байхдаа автын ослоор аавыгаа алдаж, сувилагчийн буруугаас эхийгээ тэнгэрт үдэж, амаргүй амьдрал туулсныг, хот, хөдөөгийн гэх хүүхдүүдийн дундах үзэл суртлын заагийг энэ номноос мэдэж болно. Алаг цоог нийгмийн шуурганд өртөж, алагчлуулж шоовдорлуулах үе энүүхэнд ч малчны хотноос Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болтлоо өсөн дэвжсэн нь “Маргааш гэж юмыг хойш тавих яснаасаа дургүй. Өнөөдөр бол маргааш биш гэдгийг ямагт санаж явдаг. Яарвал даарна гэж хаширлах биш яаж хожих вэ гэж зорьж тэмүүлбэл залуу насанд илүү хожилтой” гэх өврийн дэвтрийнх нь хэдхэн өгүүлбэрээс тодорно. Энэ бол түүний өнөөдрийн өндөрлөгт хүрсэн чиг шугам байлаа.

Таван ч дунд сургуулийн босго илээж, илгээлтийн эзэн шиг явсан тэрбээр хүссэн мэргэжлээ өвөртөлж дөнгөөгүй ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсныг нь Махкомбинатад ажилласан он жилүүд, Хөдөө аж ахуйн дэд сайд, салбарын сайдын ажил туршлагаас нь бэлхнээ харж болох аж.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас 
Хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ...
Тухайн үед Улаанбаатараас морин тэргээр гарч, Улаан-Үдэд ирэн, цаашаа машин, галт тэргээр дамжин Санкт-Петербург орж, тэндээсээ усан онгоцоор нийтдээ 39 хоног аялж Германд ирдэг байв. Тэр ч энэ шугамаар боловсрол эзэмших газраа хүрчээ. Урт үс, америк жинс, зурагтай фудвольк, платформ гуталтай оюутан. Энэ нь тухайн үеийн нийгэм дэх нэгэн зурвас агшинг ингэж харуулжээ. Хэдийгээр малчин аавын хүү байсан ч том ахын буянаар тухайн үедээ ховор жинс, костюмаар гангарч, олны харааг булааж явж. 
Хүний нутагт үзэж харах юм мундахгүй. Их дэлгүүрээс өөр өндөр барилгагүй байсан Улаанбаатарыг Зүүн Берлинтэй харьцуулах нь инээдэм биз. Ёстой л цоо шинэ ертөнц. Тиймдээ ч зүүн Германд очоод хэлэндээ гайгүй болмогц тухайн улсынхаа хөгжсөн учир шалтгааныг судалж гарчээ. Дэлхийн II дайны дараа үнсэн товрого болж, 70-80 хувь нь бөмбөгдүүлсэн улс Лейпциг, Дрезден зэрэг хотуудаа социализмын загвар болтол хөгжүүлсний гол нууцыг нутгийн иргэдийн яриа хөөрөө, ном зохиолоос уншиж, цуцашгүй хөдөлмөр, арвич хямгач зан, алба амины алив хэрэгт хариуцлагатай ханддаг байдал, дэг журам гэдгийг нь ухамсарласан аж. Дайны нурман дотроос босгосон хотуудыг хараад Герман хүмүүсийн хөдөлмөрч занг тун ч их биширч. Ийм улсад сурсан болохоор цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөх гэдгийг мэдэрсэн нь аргагүй.

Хэмнэж болох бүхнийг хэмнэж, ганц дойч ч хайран Германчууд хувийн тооцоо тун сайтай аж. Үүнийг зохиолч харж харж, биеэр мэдэрсэнээ дүрслэн хэлэхдээ ажилгүй байх, алхайн хэвтэхийг ёс суртахуунгүй, маш бүдүүлэг, хачин муухай явдал гэж үздгийг олон ч хүнээр илэрхийлүүлэн гаргажээ. Иймээс хүний дор орж, Германчуудтай хөл нийлүүлэн алхаж, найзлаж нөхөрлөе гэвэл тэр зарчмыг баримтлахаас өөр аргагүй хэмээн өгүүлсэн байна. Ёстой л усыг нь уувал ёсыг нь дагах учиртай хойно. Тиймдээ ч үр хүүхэд, орсон гарсан монголчуудыг германчуудын адил ус, цахилгаанаас эхлээд хаа явсан газраа юу хэмнэж болох, тэр бүхнийг хэмнэхийг сургаж, илүү их хөдөлмөрлөхийг сургажээ.

1989 оны 11 сарын 9-нд Берлиний хана нурав. Бетон хананд зоогдох алт сүх, лантуу төмрийн ханганасан чимээ Д.Тэрбишдагвын зүрх сэтгэлд хоногшсон социализмыг байгуулж, коммунизмд хүрнэ гэсэн чинхүү сэтгэлийн хана хэрмийг бас эмтэлж хэмхчиж байх шиг болсон тухай зохиолч нүдэнд харагдтал дүрсэлжээ.

1989 оны 10 дугаар сарын 7-нд М.Горбачёв “Хэн оройтож ирнэ. Түүнийг амьдрал шийтгэдэг” хэмээх алдарт үгээ хэлж, үүний дараа 1989 оны 10 дугаар сарын 9-нд уламжлал ёсоор даваа гараг бүр явагддаг байсан жагсаал урьдын тайван байдлаа алдаж 70 гаруй мянган хүнийг хамарч улам эрч хүчээ авахад БНАГУ-ын Аюулгүй байдлыг хамгаалах албаныхан аргагүй хүчин мөхөсдсөн тухай түүхийг эл номонд өгүүлжээ. Жагсаалын дуу чимээ Зүүн Германы газар нутгийг бүхэлд нь хамарч давалгаалсанаар 1989 оны 10 дугаар сарын 18-нд Улс төрийн товчооны гишүүд тэр дундаа тус намыг арван жил удирдсан Ерөнхий нарийн бичгийн дарга Эрих Хонекерийг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа.

1989 оны 11 сарын 9-ний 18 цагт БНАГУ-ын нам төрийн удирдлага болон улсын хэвлэлийн бага хурал хийж, хил нээж зорчин явах асуудлыг албан ёсоор ерөнхийд нь шийдэхээ мэдэгдэв. Ингэж Герман нөхдийнх нь мөнхийн хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэлээ олж, хатан зоригт уйгагүй тэмцэл нь зорилгодоо хүрсэн. Ийнхүү уртаараа 167.8 км үргэлжлэх төмөр тор татсан, нохойтой харуул сүлжсэн, харуулын цамхаг дээр нь буутай цэрэг 24 цаг зогссон бат бэх тэр бетонон ханыг нурааж байхад хоёр ертөнцийг заагласан ханыг нурааж байхад Монголд ардчиллын салхи сэвэлзэж, урьд өмнө нь үзэгдэх нь битгий хэл дуулдаагүй сүрт жагсаал цуглаан давалгаалж эхэлсэн байлаа.

1989 оны 11 сарын сүүл, 12 дугаар сарын эхээр жагсагчид Баруун Германы улаан, хар, алтан шаргал өнгө хосолсон далбаа барин “Бид ард түмэн”, “Бид нэг ард түмэн”, “Герман нэгдсэн эх орон” зэрэг шинэ уриа барин жагсдаг тухай өгүүлсэн өнөөгийн уншигчдад шинэ соргог санаа байв. Энэ өдрүүдэд Монголд юу болж байв. 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болж “Эрдэнэтээс Оросын цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг үргэлжлүүлэн барихгүй байх, Монгол боловсруулах үйлдвэрийг нэн даруй хаах” зэрэг шаардлагыг Намын төв хорооны 5-р бүгд хуралд явуулж хэлэлцүүлсэн тухай өгүүлжээ. Алтан нарыг алгаар хаагаад нэмэргүй гэгчээр Монголд ч ардчиллын хөдөлгөөн хэдийнэ эхэлсэн байсан нь энэ.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр харийн оронд рестораны зөөгч хүртэл хийж үзсэн зохиолч маань “Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй юм” хэмээх аавын сургаалыг алт шиг эрхэмлэж, амьдралынхаа чиг шугам болгосон нь олзуурхууштай. Ямартаа л зөөгч хийсэн он жилүүдээ олз гэж боддог гэнэ. Учир нь оргилуун дарс яаж задлах, улаан, цагаан дарсыг ямархуу хундаганд яаж хундагалах, рестораны ширээг хэрхэн засах, аяга, таваг, халбага сэрээг ямар дарааллаар яаж тавих, хэрхэн яаж угаах, хоолны цэсээ бүрэн цээжлэх гээд барууны ширээний соёлыг гаргаахгүй суралцсан төдийгүй хүнтэй харьцах олон арга ухааныг эзэмшсэн тухай энгийн тод өгүүлжээ.

Ардчилсан Германд хувийн аж ахуйтай, дэлгүүр хоршоотой, амины сууцтай айл байсныг хараад мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Арга ч үгүй биз Монголд хувийн өмчтэй айл байх боломжгүй үе. Хөдөөд амины цөөн мал, унааны хэдэн морьтой, их сайндаа их гэр, илүү гэрээс хэтрэхгүй. Харин нийслэлд амины тэрэгтэй тоотой хэдэн айл байсан үе. Ажлын хажуугаар хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө гутлын бизнес хийх санаа гаргаж, “ТБД андууд”-ынхаа суурийг тавьжээ. Мэдээж анхны юм амаргүй байсан биз. Энэ тухай зохиолч ах, дүүгээ татан оролцуулж, бараг л хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилласан түүхэн үе, тухайн үеийн зах зээлийн нийгэм, иргэдийн худалдан авах чадварын талаар бяцхан түүх хүүрнэнэ.

Түүний ном найман бүлэгтэй. Эмх цэгц, цаг хугацааны дараалал алдагдсан мэт харагдавч бүлэг бүр нь сайн нэхээстэй даавуу мэт тодорно. Шаглаа бүрээс хөврөх учиг нь нэг тодорч бүдгэрэх ч дараагийн бүлгийн хамгийн чухал хэсэг болж тодрох нь уншигчийг эрхгүй татна. Олон ангит кинонд хамгийн амттай хэсгээр төгсгөж дараагийн ангийн хүлээлтийг үлдээдэг шиг. Тухайлбал, нэгэн бүлэгт зохиогч Германд гутлын наймаа хийж байгаад арга зальтай нэгэнд хамаг мөнгөө алджээ. Зүгээр ч үгүй хаа холоос өөрт нь итгэн ирсэн нэгний мөнгийг хүртэл хамтад нь тавиад туучихаж. Би танд заавал мөнгийг чинь өгнө хэмээн бүхнийг учирлаж, тайлбарласан ч тийм амархан яахан итгэх билээ. Гэсэн ч зохиогч тэр мөнгийг юутай ч төлж барагдуулсан юм даг.

Дараагийн бүлэгт түүнд найдан мөнгө өгсөн хүн нь Насанжаргал сайд болж тодрох бөгөөд өөрөө дэд сайдаар нь ажиллахаар очиж нүүр тулна. Ийнхүү тэд дахин учрах ерөөлтэй байж. Нэг салбарын хоёр сайдаар гар нийлэн ажилласан түүх намтартай үлджээ.
Берлиний хана нурж, хоёр Герман нэгдэж байхыг нүдээрээ харсан тэрбээр худалдагч, худалдан авагчийн дундах лангуу хэмээх заагийг нурааж, өөртөө үйлчлэх анхны дэлгүүрийг нээж. Шинэлэг үйлчилгээ сайхан ч саар ихтэй. Хулгай тун ч их гарна. Ямартаа л ажилчид нь лангуугаа үгүйлж эхэлсэн гэдэг. Гэсэн ч дэлгүүрийн эзэн байр сууриа хатуу баримталж, эсрэгээрээ дотоод хяналтыг сайжруулж, нягтлан, няравгүй зааланд хянагч хийх болсноор шинэ үйлчилгээ бүрэн нэвтэрсэн түүхэн гавьяатан. Өдгөө өөртөө үйлчилдэггүй дэлгүүр ховор болж дээ.

МАХН-ын төв байрны 3 давхрыг түрээслэн бизнес хийж байх үеэс мань хүн улс төрийн хатуу ширүүн уур амьсгалыг мөн л дэргэдээс нь ажиглах болж. Ямартаа л 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН навс ялагдаж, Засгийн эрхийг шилжүүлж өгөхөд намын байрны үүдээр холхиж, хаалга үүдийг нь онголзуулж, эргэлдэж шарваганаж байсан нөхөд живч байгаа онгоцноос зугтах харх шиг арилж, найр хийж байгаа айлын уяан дээр байгаа юм шиг бужигнаж, язганаж байсан шуугиантайхан дуулиантайхан амьдрал яав гэмээр замхарч, сонгуулийн дараа намын байрны гадна “Буян”-гийн Жагаа, “Монроимпекс”-ийн У.Уламбаяр, Д.Тэрбишдагва зэрэг нөхдийн тоотойхон хэдэн машин л торойтол үлдсэн гэнэ.

Зохиолч улс төрд хэрхэн татагдсан талаар МУИС-ийн профессор, филисофич Н.Хавх гуайн тухай давхар өгүүлнэ. Дарь-Эхийн энгэрт хэдэн шар айраг тавьчихсан элдвийг хэлэлцэж суухдаа “Монголын улс төр даанч бохир явагдаж, нийгмийн хөгжил ингэж уруудаж байхад чам шиг өндөр боловсролтой, гадаад хэлтэй, нүдний хор гарсан, зах зээлийн үед өөрийгөө дахин боловсруулж бэлтгэсэн, шинэ сэтгэлгээтэй, гадна талдаа их хэлхээ холбоотой хүчин хэрэгтэй байна” хэмээн ятгалгад автсан тухай өгүүлжээ.

Эцэст нь улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шийдвэрийг гаргахад өдгөө Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ихээхэн нөлөөлсөн гэж дурсчээ. Аварга тэр хоёр хэдийгээр насны зөрүүтэй ч эртний танил, бас найзууд аж.2000 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын сурталчилгаанд мань хүн эрвийх дэрвийхээрээ ажиллаж, МАХН ч үнэмлэхүй ялалт байгуулав. Ялалтын баяраас үүдэлтэй Ш.Отгонбилэгт таагүй сэтгэгдэл төрүүлсэн тухай дурсамж, дурьдатгал нь өдгөө ч улс төрийн тогоон дахь үйл явцын өрнөлийг энд иш татжээ.

Номын хуудсыг эргүүлэн суухад зохиолч их азтай бас азгүй гэлтэй хүн юм. Уйлахад аргадах ах, эгч, унахад нь түших хань ижил, хөдөлмөрлөхөд нь дэмжих найз нөхөд дэндүү олонтай азтай нэгэн аж. Нөгөө талын Монголын өнөөгийн авто зам шиг үргэлж энхэл, донхол, саад бэрхшээлээр дүүрэн амьдрал дундуур туучиж, тулгарч яваа азгүй хүн. Энэ бүх саад бэрхшээл дунд чиг шугамаа алдаагүй нь том олз гэлтэй.

Сургуулийн амьдрал, бизнесийн гараа амаргүй байсны зэрэгцээ улс төр ч түүнийг тайван байлгасангүй. Эсвэл тэр улс төрийг тогтуун байлгасангүй гэвэл зохилтой болов уу. “Элсний 13”-аар нижгэнэсэн алга ташилттай МАХН-ыг нүсэргээнтэй болгож, магтаалын үгээр арвин Оюутолгойн гэрээг Монголд ашиггүйг нь илчилж, тухайн цаг үеийнхээ шүүмжлэгч, өнөөдрийн түүхийг бүтээгч нь гэж зохиолч үнэлэлт өгчээ. 
Сумаа тавиад нумаа нуух дургүй түүний зан улсын хөгжилд гай болоогүй ч дэг журамтай, унтамхай гишүүдтэй МАХН-ынхыг сэрээж, даргын үг, өгүүлбэр бүр зөв байдаггүйг харуулж, шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлсэн. Нэрний Х үсэг шинэчлэл байгаагүйг, хүн чанар гэж хөлийн чигчий хурууны чинээнд очоогүй юм шүү гэдгийг үг, үйлдэл нь бататгах мэт зохиолч сануулжээ.

2012 оны 4 сарын 12-нд Н.Энхбаярын гэрийг цагдаа нар бүсэлснийг Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва хоёр хамтдаа сууж байгаад мэджээ. Улмаар тийшээ очихоор шийдэж, 13-ны үүрээр Н.Энхбаярын хөлийг гозолзуулан хүчнийхэн авч явахад тэр дэргэд нь байсныг нийтээрээ мэднэ. Тухайн үеийн нөхцөл байдал амаргүй, мань хүнийг намын эсэргүү тул тойроггүй хоцорч, эксийг түшихээс өөр сонголт байгаагүй тухай хэвлэлийнхэн шуугиж байв. Тухайн үед намын дарга Сү.Батболд Д.Тэрбишдагваас “Яамаар байна. Хаана нэр дэвшмээр байна. Таниас өөр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулах магадлалтай хүн байхгүй шүү” хэмээн гуйж байж. Д.Тэрбишдагва 2013 оны Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэх мэдээлэл чих дэлссэн. Гэвч МАХН-аас Н.Удвал нэр дэвшив. Хэдийгээр мань хүнийг нэр дэвшүүлэх тухай Н.Энхбаяр тэр хоёрын дунд өрнөсөн ч Ц.Элбэгдоржийн тохиролцооноос үүдэлтэй Н.Удвал өрсөлдсөн аж. Тухайн үед улс төрийн явуулга бишгүй явагдсан нь ч түүх болон үлджээ.

Стандарт бус Засгийн газрыг шүүмжилж, С.Баярын таван төгөлдөршил цаасан дээрх сайхан үлгэрээс цаашгүй үлдсэн үнэн түүх эл номонд бий. Намтарчилсан, үүх түүхтэй, дурсамж, дурьдатгалтай, сургамж, өгүүлэмжтэй “ЗААГ” ном тун сонирхолтой бичигдсэн. Тухайн хүний дотоод ертөнц тэр чигтээ цаасан дээр буусан мэт боловч адал явдалт кино шиг зураглал, дүрслэл сайтай. Түүхэн үйл явдлыг буулгасан гэрэл зургуудаар чимэглэсэн нь номны агуулгыг өргөжээ.

Санаандаа буусныг мартах вий гэж тэвдэхдээ зохиолын дундуурх гэнэтийн дурсамжууд олон. Түүнчлэн улс төрийн тогоон доторх үйл явдлыг өөрийнхөө амьдралаар дулдуйдан ил гаргажээ. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнд оролцсон 997 хүний 715 нь сонгуульд оролцоогүй, саналаа ч өгөөгүй хүмүүс байсныг тодотгосон байна. Энэ ном хувь хүний амьдрал мэт боловч бусдад үлгэр болох олон сайхан деталь байгааг уншигчид тунгаан бодно бизээ.

“Зааг” ном борлуулалтаар тэргүүлж, лангуун дээрээс алга болж байгаа гэнэ. Харин нийгмийн амьдралыг зааглах тэрхүү хар хүч нэгэн үндэстнийг хоёр системд зааглаж байсан Берлиний хана мэт нуран арилах бизээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү