Ч.Өнөрбаяр: Засгийн газар шинэчлэгдэж, шинэ сайд нар тангараг өргөх ёстой


2020-03-26 13:53:13

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх тавдугаар сарын 25-наас урьтаж кабинетын гишүүдээ өөрчлөх шаардлагатай талаар хуульч Ч.Өнөрбаяр мэдээлэл хийв. 

Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэлээн хэдэн заалт энэ оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр байгаа. Нэг чухал зүйл нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал. Өмнө нь Засгийн газрын гишүүн нэг бүрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталдаг байсан бол өөрчлөлтөөр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлээд, УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар томилох шинэ зохицуулалт тусгагдсан.

Мөн Засгийн газрын шинэ гишүүн тангараг өргөнө. Тиймээс Ерөнхий сайд тавдугаар сарын 25-наас өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ руу оруулах ёстой. Мөн Засгийн газрын гишүүний тангаргийн төсөл бэлэн болсон байх ёстой. Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүн тангараг өргөх гэж байгаа учраас тангаргийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах ёстой гэж харж байна.

Одоогийн Засгийн газрын гишүүд бүгд давхар дээлтэй буюу УИХ, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Үндсэн хуулийн шинэ нэмэлт мөрдөгдөөд эхлэхээр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд давхар дээлтэй байж болох юм. Ерөнхий сайд аль дөрвөө авч үлдэхээ шийдэх эрхтэй" гэсэн юм. Эс бөгөөс Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд дуугдах магадлалтайг ч тэрбээр онцолсон. 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү