Хийрхэл ихтэй хэлэмгий У.Хүрэлсүх хэзээ хэлсэн үгэндээ хүрэх вэ


2020-03-30 10:00:34

Ухнаагийн хүүгийн даржин мэдэгдэл яг л давс шиг байдаг болж. Сүржин үг, даржин мэдэгдэл, ширүүн харц нь хоолны амтыг тэр чигт нь өөрчилж, тансаг мэт ташаал өгөхийг яана. Тиймдээ ч түүний үг, үйлдлийг таашаахаас биш цаашихыг нь харахыг ч хүсэхээ больсон бололтой юм.

МАН дангаараа засаглаж, улс төр уйтгартай болж, унтаа байдалд шилжихэд тухайн үеийн Шадар сайдын гэнэтийн мэдэгдэл нийтийг сэртхийлгэж, зурагтын урдаас салгахаа больсон цаг бий. Хулгана муурын сахлаар оролдов гэгчээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэнэ. Тагнасан хэрэгт унасан Ж.Эрдэнэбат хүртэл шоконд орж, эцэст нь У.Хүрэлсүхийн эрин үеэр энэ үйл явдал эхэлж билээ. Чухамдаа зүүрмэглэж байсан улстөрд У.Хүрэлсүх мини дэлбэлж, өөрийгөө дөвийлгөн, өнөөгийн улс төрийн түүхээ бичиж эхэлсэн гэж тодотгож болохуйц. 

Түүнийг улстөрчийн хувьд торгон мэдрэмжтэй, торгомсог арьстай нэгэн ч гэж хэлж болох юм. Үйл явдлын үнэ цэнээс илүүтэй олны хүссэн үгийг олж хэлж попрохдоо тэр тун мэргэн. Ямартаа төрийн тамгыг гартаа оруулахын тулд Шударга ёсны төлөө нүдээ цавчилгүй ажиллаж, хууль бус үйлдлийн эсрэг сэлэмээ буулгахгүй тэмцэнэ гэж билээ. Загтнасан газар маажих шиг болсныг яана. Ингэж олон нийт алга хавсран түүнийг Ерөнхий сайд болоход нь уухайлан дэмжив.

Гэтэл дагалдагсдаа хооллохын тулд ЖДҮ тарааж, өөрөө ч гуссан нь Н.Номтойбаяр гишүүний мэдэгдлүүлээс харагдана. Юун сэлэм эргүүлж, хууль бус үйлдэлтэй тэмцэх харин ч эвцэлдэн нэгдэж, түрийвчээ зузаатгасан нь илт. Тэр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа сэлэмээ эргүүлэх нь битгий хэл сугалсангүй.

Түүний засаглалын он жилүүдэд УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, хүн амины сэжигтэй болов. Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулгад хариуцлага тооцох ёстой гэж дуугарсаных нь төлөө А.Ундраа гишүүнийг зандарсан гэж байгаа.

Махны үнэ магнаг болбол Ч.Улаан сайдын толгойтой нь ярина гэж байсан нь хэзээ билээ. Мах магнагтаа тулж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Улааны толгой битгий хэл ширхэг үсэнд нь ч “халдаагүй”.

“Эрдэнэт” үйлдвэрийг төр мэдэлдээ авах ёстой. Олны сонсохыг хүсч байсан өнөөх үгийг үйлдэл болгохоо илэрхийлж “дээрэм” хийж, хоёр ч удаа тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоов. Үр дүнд нь Хэнтий нутгийнхан “Эрдэнэт”-д “үүрлэсэн”. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тойрон хүрээлэл өдгөө “Эрдэнэт” үйлдвэрт шургалаж, эд хөрөнгөд нь эзэн суув. Чухамдаа Л.Оюун-Эрдэнийн эзэн нь өнөөгийн намын дарга нь гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Өнгөрсөн жилийн эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан Судан улсад алба хааж байгаа Монгол цэргүүд дээр Ерөнхий сайд “айлчлав”. Ингэхдээ Суданд цэргийн алба хааж байгаа хүү дээр нь аавыг нь албаны онгоцоор “нуун” авчирч, гэнэт уулзуулж, баярлуулсан нь “Тавилан” нэвтрүүлэг цаашаа гэлтэй байв. Хичнээн хүний сэтгэл догдолж, нулимс гарсан гээч. Ийм сайхан зураглал хийж, цаг үеэ мэдэрч попорч чаддаг нэгэн гэдэг нь энэ мэт олон үйлдлээр баталгаажина.

Түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр ард түмэнд дэндүү их ташаал өгөхийг яана. Намынх нь хурлын шийдвэр таалагдахааргүй шинжтэй байвал "Намын эгэл жирийн гишүүдийг доромжиллоо. Сонгуулиар ясаа цайтал ажилласан намынхаа гишүүдийнхээ төлөө би үсээ цайтал тэмцэнэ" гэх байдлаар мэдэгдэл хийчихнэ. Түүний үгийг олон нийт алга хавсран хүлээн авах жишээтэй.

Гишүүдийнхээ хууль бус үйлдлийг өөгшүүллээ хэмээн олон нийт шүүмжлэл өрнөмөгц “ЖДҮ болон хууль бус үйлдэлтэй холбогдсон хэнийг ч ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гээд хэлчихэд л бүгд алга хавсарна.

Үүнтэй ижил дэлхийн олон оронд тархаад байгаа коронавирусийс уршгаас улбаалж АНУ насанд хүрсэн иргэддээ 1200 ам.доллар, хүүхдүүддээ 500 ам.доллар өгөхөөр болов. Гадныхныг гайхан биширч, өөрийнхөө амьдралтай харьцуулж эхэлмэгц Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн мөнгийг 10.000 төгрөгөөр 3 сар нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Бүгд шууд таалаастай...

Зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэл болон ХАОАТ-аас чөлөөлөв. Ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгохоор боллоо. Хүлцэнгүй ядуу буурай тул баярлан хөөрч, Ерөнхий сайдтай авахуулж байсан зургаараа давалгаалж, шагшин магтав.

Нөхцөл байдал амаргүй цаг үед арилжааны банкуудтай зээлийн хүүг хэлэлцэж байгаа гэж хэдэн сар болсны эцэст хийсэн мэдэгдэл нь хүртэл хуурай байсныг мэдэрч, гутарч байснаа тэд мартаж орхисон нь илт. Түүний дээрх гэнэтийн 7 шийдэл хэдэн сарын дараагаас хэрэгжих бол...

Юуны түрүүнд УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц Засгийн газар гаргасан шийдвэрүүдийнхээ хүрээнд хууль эрхзүйг нь баталгаажуулах ёстой. Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Татварын багц хуулиудад хамаарагдах учир эдгээр хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шгаардлага бий болно. Тэгж байж түүний хэлсэн үг үйлдэл болох эхний алхам тавигдаж, цааг өнөөх дүрэм, журам гарч, салбар газруудад хүргэгдэх учиртай.

Магадгүй 10 сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй итгэж байтал дагалдах журам тогтоол нь хүргэгдээгүй хэмээн арилжааны банкны асуудлаар мадлуулсан шигээ зүүднээсээ сэрэх вий. Тэр үед хэдийн сонгууль өнгөрч, Ухнаагийн хүү өөр хүн болсон байж мэдэх юм.

У.Хүрэлсүхийн уянгын халил, гэнэтийн шийдэмгий энэ мэт мэдэгдлүүдэд нь дэндүү дуртай бас хайртай ард түмэн юм, бид. Ёстой л "Жолоочоо одоо баруун эргээрэй. Хөөх ямар мундаг баруун эргэдэг юм бэ" хэмээн нэгэн эрхэм жиргэсэнтэй ижил.

Харин дараагийн үр дүн нь хэрхэх бол. Хэлсэн үг нь ажил хэрэг болдог бил үү гэдгийг мартчихаж. Санаж байсан ч дурсахгүйг хичээх болж. Ийм болохоор л Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдийнхээ сэтгэл зүйгээр наадаж, чихэн дээр нь цэцэг ургуулж сууна. Хазааргүй морь шиг аяглаглах Ухаагийн хүүгээс уйдах цаг ч мөдхөн дөө, уг нь...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү