Тойрог: У.Хүрэлсүхэд “хүлээтэй” хоёр Дарханыг дайлаар мордоно


2020-04-22 09:21:25

МАН энэ удаагийн сонгуулиар хэдэн суудал авах бол...

Лав Дархан-Уул аймаг дахь гурван мандатынхаа дийлэнхийг тавиад туух шинжтэй. Улаан бүсээс эл тойрогт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр, Б.Цэнгэл гээд горилогч олон. Дээр нь бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Хаянхярваа ч горьдлого тээн, нүдээ бүлтэлзүүлэн суугаа. Гэвч 3 мандаттай эл тойрогт 5 хүн нэр дэвших боломжгүй.

Хэрэв У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болж ЖДҮ-тэй сээр, нуруугаараа холбогдсон хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэвэл Б.Жавхлан “гусагдчихна”. Гэвч намын даргын үеэлийг авч хаях амаргүй.

Б.Жавхлангийн тухайд Дарханд төрж өссөн, тэр бүү хэл, тус аймгийн намын хорооны даргын хүүхэд. Шаггүй сайн эдийн засагч. Харамсалтай нь, тооны машиныг улсад биш өөрт ашигтай байдлаар ашигладаг гэх олон хардлага бий. Тухайлбал, Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ширхэг ч хувьцаагүй ч түүний төрсөн дүү Болдын Амгалангийн нэр дээр 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулагдсан “Жэтфинанс” ББСБ нь Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсных нь хувьд хардлага дагуулдаг. Мөн мөнгөний хүүдий болсон “Чингис хаан” банкинд ч түүний нөлөө бий гэлцдэг л юм.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албанаас УИХ-ын гишүүн болсон тэрбээр дархан эрх ямба эдлэхийнхээ өмнө “Долоон болдог” ХХК, “Евроэлектроникс” ХХК-иудаа “цэвэрлэж” өнөөдрийн өөрийгөө бүтээжээ. Насаараа банкны салбарт ажилласан тэрбээр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх “харш”-тай, жилийн орлого нь өгсөж, уруудаж байдаг, хадгалсан хөрөнгө маруухан хэмээн АТГ-т мэдүүлжээ.

Түүнийг жил гаруйн өмнөөс л ЖДҮХС-аас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-иар 800 сая төгрөг авсан гэх дуулиан дэгдсэн. Мэдээж тэр бусдын адил энэ бүхнийг үгүйсгэдэг. Гэвч ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг өөрийнх нь найз бөгөөд хэрхэн түүнтэй холбогдсон баримтыг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах сэтгүүлчийн зөвлөл гаргаж тавьсан нь бий. АНУ-д Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль болон Индианагийн их сургууль суралцаж байхдаа С.Төгсбилэгтэй танилцаж, харилцаа холбоо тогтоосон тухай мөн хэрхэн танилыгаа захирал болгосон түүхийг тэндээс харж болно. Түүнчлэн тэдний холбоо харилцааны талаар намын захын гишүүн андахгүй.

ЖДҮ-гийн хөрөнгийг Б.Батзоригоос гадна ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нар “түгээлцсэн”. Шинээр нэр дурьдагдсан Т.Жамбалцэрэнгийн тухайд Өвөрхангайнх. Өнөөгийн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын туслахаар ажиллаж байсан. Хувьдаа гурван компанитай. Бүр тодотговол, Т.Жамбалцэрэн нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Я.Содбаатарт 3 сая төгрөг хандивлаж байжээ.

Харин Б.Жавхлангийн хандивлагч Б.Цогтгэрэлийн тухайд “Их Модун” ХХК-тай. ЖДҮХС-гаас өмнө нь 620.0 сая төгрөгийн зээл аваад төлөөгүй байж нэмж 385.0 сая төгрөгийн зээл авсан хэргээр хуулийн байгууллагын асуудалтай.

Мөн өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярыг Б.Жавхлантай зүү орох зайгүй гэлцэх нь бий. Насаараа банкны салбарт ажилласан хүнд банк санхүүгийн байгууллагуудад энэ зэргийн танил тал ч бишгүй бий байлгүй.

Энэ мэтчилэн алхсан мөрийг нь хөөвөл намын даргын хар жагсаалтад зүй ёсоор эрэмбэлэгдэх нэгэн болж таарч байгаа юм. Эрхэм гишүүнтэй овог нэг Б.Цэнгэлийн тухайд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Одоогийн байдлаар Ерөнхий сайдын улс төрийн зөвлөх. Тиймээс түүний мандатыг булаах нь арслангийн ам руу гараа хийсэнтэй дүйх биз. Ямартаа овог нэгтнүүд Дарханыг “дайлаар мордоно” хэмээн онгирч явах вэ дээ. Б.Баттөмөр, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарын хувьд мандат олдох эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ тэднээс магадлал өндөр нь Ж.Сүхбаатар. Өнөөгийн УИХ-ын даргын зөвлөх хэмээх албан тушаал нь “амттан” болох нь гарцаагүй.  

Ийнхүү муу нэр, луу данстай зөөлөн өгөөшийг АН-ынхан алга хавсран хүлээж сууна. Цэнхэр булангийнхны хувьд олон жил горилж байгаа ах дүү Дашуудаас Н.Мөнхдаш нь, эдийн засагч Л.Наранбаатар, Р.Бурмаа нарын нэрс цуурайтаад байгаа.

“Бурхан халдун” группийн Н.Мөнхдашийн хувьд УИХ-ын сэнтий эртний мөрөөдөл нь. Мөрдөөлийнхөө төлөө чамгүй зүйлийг ч хийж, олон ч залуусын итгэлийг хүлээгээд байгаа. Эдийн засагч Л.Наранбаатарын тухайд намын даргын зөвлөх З.Энхболдтой нэг дээвэр дор багтаж шингэхээ болиод удаж байна. Хэдийгээр З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан ч тэр нь попрол бололтой. Гэхдээ тэдний тэмцэл Л.Наранбаатарыг олноос оноо цуглуулахад сайн пиар болж байгаа гэж тодотгож болохуйц. Харин Р.Бурмаагийн тухайд мандат гардах эсэх эргэлзээтэй. Түүнтэй өрсөлдөж мэдэхээр нэг хүн нь намын даргын зөвлөх Жаргал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү