МАН, АН-ын мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газраас буцаагдлаа


2020-04-06 17:06:56

Ирэх сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр нь мөрөөдлийн байна гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газраас баталгаажууллаа.

Үндэсний аудитын газраас 27 нам сонгуульд оролцохоо мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Эдгээрээс улс төрийн 12 нам нийлж 4 эвсэл болж, 15 нам дангаараа сонгуульд оролцох аж.

Мэдээллийн эхэнд Үндэсний аудитын газрын дарга УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь Монгол улсын төвийн тогтвортой байдлын тухай болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх ёстой. Тодруулбал, мөнгө, эд хөрөнгө амлах, үнэгүй болон хямдруулсан үнээр үйлчлэх, улс, орон нутгийн салбарын орлогыг бусдад хандивлах, уул уурхайн салбарын орлогыг хишиг, хувь болгож хуваарилах зэргийг хуулиар хориглодог талаар танилцууллаа. Мөн нам эвслийн мөрийн хөтөлбөрт  тусгагдсан арга хэмжээний төсөв эх үүсвэр санхүүжилт нь хуулиар олгогдсон хэм хэмжээг алдагдуулахгүй байх учиртай.

Нийт 19 мөрийн хөтөлбөр Үндэсний аудитын газар ирүүлсэнээс дангаараа оролцож байгаа 7 намын мөрийн хөтөлбөр хуульд нийцжээ. Харин 24 улс төрийн намд хамаарах 12 мөрийн хөтөлбөр дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймээс тэдгээр мөрийн хөтөлбөрийг улс төрийн намуудад буцаахаар шийдвэрлэжээ. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлж, Үндэсний аудитын газарт дахин ирүүлэх боломжтой гэнэ.

Хуулийн шаардлагад нийцээгүй улс төрийн намын жагсаалтад МАН, АН багтжээ. Өөрөөр хэлбэл, МАН, АН-ын мөрийн хөтөлбөр нь “шаардлага нийцээгүй, амлалтын шинжтэй” гэж дүгнэсэн байна. Шулуухан хэлэхэд, биелэх боломжгүй хэт мөрөөдлийн шинжтэй байгааг мэдээллийн үеэр онцлов.

Тухайлбал, цалинг 2-5 сая төгрөгт хүргэх нам, эвслүүдийн нийтлэг амлалт нь төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэхээр байна. Мөн орон сууцанд үнэгүй оруулах, арилжааны банкны зээлийг хүүгүй болгох зэрэг амлалт хууль зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.

Харин парламентад суудалгүй улс төрийн 7 намын мөрийн хөтөлбөр шалгуурт нийцсэн гэнэ.

Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцсэн нам:

  1. Зон олны нам
  2. Хөгжлийн хөтөлбөр нам
  3. Дэлхийн монголчуудын нам
  4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  5. Эх орон нам
  6. Ард түмний олонхын засаглал нам
  7. Ард түмний нам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү