Нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Тилеуханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Өлгий хотод ажиллаж байна


2020-04-06 18:31:14

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс өнгөрөгч сарын 26-наас энэ сарын 2-ны өдрийг хүртэл шинэ коронавирусийн (covid-19) халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд нутгийн зон олныхоо эрүүл энхийн төлөө хандивын аян зарласан билээ. Энэхүү аяны гол зорилго нь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Онцгой комисс, сумдын хүн эмнэлэгт нэн хэрэгцээтэй байгаа иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч, ариутгалын спирт зэрэг шаардлагатай зарим зүйлсээр хангахад чиглэсэн юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Тилеуханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хандивын аянаар цугласан бараа материал болон бусад зүйлсийг сумдад болон аймгийн төвд хүргэн ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр аймгийн Онцгой комисст хандивын зүйлсээ хүлээлгэн өгч, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Хандивыг аймгийн засаг дарга А. Гылымхан, аймгийн Засаг даргын орлогч Ш. Хабыл, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Анхбаяр тэргүүтэй Онцгой комиссын төлөөлөгчид хүлээн авлаа.

Өнгөрсөн хугацаанд тус аймаг нь нэлээд ачаалалтай ажиллажээ. Учир нь эл газарт хоёр ч хилийн боомт үйл ажиллагаа явуулдаг учраас халдварын өндөр эрсдэлтэй бүс нутагт зүй ёсоор хамаарагдаж буй юм. Тухайлбал, Улаан байшинтын боомтоор 2, 3-р сард ОХУ, Казахстан улсаас ирсэн 400 гаруй иргэнийг найман тусгаарлах байранд байрлуулан ажиглаж ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар гэхэд л, аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар гэртээ тусгаарлагдаж буй 331 иргэнд мэргэжлийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа аж. Мөн тусгаарлах байранд 70 иргэн байгаа бол өнөөдөр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 30 иргэнийг дарааллын дагуу ажиглах байрнаас гаргаж,  гэрт нь үргэлжлүүлэн тусгаарлах ажиллагаа зохион байгуулж байна. Иймээс холбогдох албаныхан тус хандивын аяныг зохион байгуулж буй Нутгийн зөвлөлийнхний чин сэтгэлд талархал илэрхийлж, цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг улам эрчимжүүлэн ажиллана гэдгээ онцолж байв. Мөн аймгийн хэмжээнд энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх холбогдох хэрэгслүүд нэн дутагдалтай энэ үед шаардлагатай бараа, материал хүлээлгэн өгсөнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийллээ.

Энэ удаагийн хандивын аяны хүрээнд Нутгийн зөвлөлийн ажлын хэсгийнхэн аймгийн Онцгой комисст иж бүрэн хамгаалалтын хувцас 120, нүдний шил 120, амны хаалт 4000, гар ариутгагч /300мл/ 150, нэг удаагийн эмнэлгийн зориулалтын бээлий 2000, ариутгалын зориулалтын спирт 100 литр, улавч 1200 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө.

Мөн энэ өдөр Нутгийн зөвлөлийн тэргүүн Н.Тилеуханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн аймгийн Цагдаагийн газрын дарга Б. Наранбаатартай уулзаж,  хандивын зүйлс гардуулав.

Тэгэхээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ үед алслагдсан бүс нутагт нэн шаардлагатай бараа материал дутмаг байгаа юм.

Энэ үеэр “Цагдаагийн алба хаагчдыг халдвараас хамгаалах хэрэгслүүд болон бусад шаардлагатай материалуудаар хангах асуудал хүндрэлтэй байна. Гэхдээ албан хаагчдынхаа чин сэтгэл, хөдөлмөрийн хүчинд жинхэнэ ачаалалтай байсан өнгөрөгч саруудыг давж гарсан. Хэрвээ холбогдох албадаас хилийн боомтуудаа хаах захирамж гаргаагүй байсан бол эрсдэл өндөр гарах байлаа. Манай аймгийн хувьд, Ховд болон Увс аймгуудаас тусламж авах хэмжээнд хүрэх байсан болов уу” гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга онцолж байв.

Одоогийн байдлаар 22 албан хаагч холбогдох постнуудад жижүүрлэн ажиллаж байгаа аж. Мөн хотын төвд 100 гаруй албан хаагч онцгой үүрэг гүйцэтгэж байна. Гэвч эдгээр албан хаагчдад хамгаалалтын хувцас, амны хаалт дутмаг байгааг тэрбээр хэлж байлаа. Түүнчлэн боомтоор орж ирж байгаа түлш, хүнс зэрэг бараа материал тээвэрлэсэн ачааны тэргүүдэд хяналт тавин өдөр бүр тус байгууллагаас дөрвөн албан хаагч ажилладаг байна. Гэвч эдгээр албан хаагчдад иж бүрэн хамгаалалтын хувцас дутагдалтай байгааг тэрбээр мөн онцлов. Тиймээс хүнд хэцүү энэ цаг үед чин сэтгэлийн хандив хүргэж буй Нутгийн зөвлөлийнхөнд “Нутаг орноо гэсэн сэтгэлтэй залуучуудад” талархлын үг дайж байсан юм.

Дашрамд дуулгахад, ажлийн хэсгийнхэн өнгөрөгч өдрүүдэд Улаанхус сумын Онцгой комисс болон эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзаж хандивын хүрээнд цугласан иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч, сальфетка, ариутгалын спирт зэрэг шаардлагатай үед хэрэглэх хэрэгслүүдийг өгсөн.

Мөн Өлгий хотын хамгийн алслагдсан суурин болох Хөх хөтөл багт ажиллаж, холбогдох албаныхантай уулзан, нөхцөл байдалтай танилцсан юм. Энэ үеэр эмнэлгийн төлөөлөгчидтэй уулзаж иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч, сальфетка, ариутгалын спирт зэрэг шаардлагатай үед хэрэглэх хэрэгслүүдийг гардуулсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү