Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна


2020-04-07 18:32:57

  Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны анхны хуралдаан  өнөөдөр (2020.04.07) 11 цаг 20 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.  Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

    Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдав.

    Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, туүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцолсон.

    Коронавируст халдвар (СО\/ID -19)-ын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн орлогыг хамгаалах, Ажлын байрыг хадгалах, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлжээ. Түүнчлэн тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдвар (СО\/ID-19)-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд, З.Нарантуяа, О.Батнасан, Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс цар тахлын улмаас хэчнээн аж ахуй нэгж хаагдаж, хэдэн мянган хүний орлого багасч байгааг лавлахын зэрэгцээ төрийн албан хаагчдыг нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулаагүй шалтгааныг тодруулав. Мөн килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахад нийт хэчнээн малчин өрх хамрагдах, худалдан авсан ноолуураа хэрхэн ашиглах,  200 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжид хэчнээн иргэн хамрагдахаар байгааг  илүүтэй лавлав. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, коронавирус дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрсэн нь  төр, аж ахуй нэгж, иргэдийн санхүү, эдийн засагт цохилт өгч байна. Засгийн газар энэ цаг үед төр илүү ачаалал авах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг тодотгоод ажлын байр нь баталгаатай төрийн болон төрийн өмчит компанид ажилладаг албан хаагчдын татварыг хэвээр үлдээсэн гэж байлаа. Мөн тэрбээр, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 6 сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна гэж байлаа. Түүнчлэн төрийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид ажиллагсдад 200 мянган төгрөг олгохоор тогтоосон ч, цар тахлын хэмжээ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй учир энэ асуудалд  одоогоор нэгдсэн тоо гаргах боломж байхгүйг Сангийн сайд хариултдаа тодотгов. 

    Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авахаар тооцоход 300 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь нийт бэлтгэх ноолуурын 30 хувь гэдгийг хариултдаа онцолсон. Монголд 233 мянган малчин өрх 10,2 тонн ноолуур бэлтгэх тооцоо байгаа ч  үүнээс 3000 тонн-д дэмжлэг үзүүлж, үлдсэн 7000 тонныг нь гадаадын хөрөнгө оруулагчид авдаг уламжлалтай. Дотооддоо 3000 тонн ноолуур авч, угааж, самнаж, эцсийн сүлжмэл бүтээгдэхүүн хийх бүрэн хүчин чадалтай гэж байлаа. 

  Ингээд гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь үзлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү