ГОК 20 компанид 9.8 тэрбумыг нэг өдрийн дотор шилжүүлжээ


2020-05-18 10:12:03

Онцгой дэглэм тогтоосноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөхцөл байдал өмнөхөөсөө дордож идэж уух үйлдвэр болж хувирсныг хэвлэлүүд бичсээр байна. 40 сая ам.долларын “Стандарт” банкны хэрэг, 150 сая ам.долларын нууц шахаа, дээр нь нэмээд Л.Оюун-Эрдэнэ сайдын эргэн тойрны ажилгүйчүүд “Эрдэнэт үйлдвэр”-т үүрлэсэн гээд саар мэдээний дооз хэрээс хэтэрлээ.

Саяхнаас “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой дахин нэг дуулиан дэгдсэн нь 9.8 тэрбумын худалдан авалт. Онц дэглэм тогтоосон хугацаанд сохор зоосны ч гэрээ хийхгүй хэмээн ам гарч байсан Л.Оюун-Эрдэнэ ачиртаа олон түмнийг хуурсан байсныг www.erennews.mn сайт баримтаар дэлгэлээ . Тэрбээр онц байдлын үед буюу 2019 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр”-т жинтэйхэн худалдан авалт хийлгэжээ. Үнийн дүн нь 9.8 тэрбум төгрөг. Барилгын засварын материал гэх уг худалдан авалтыг Тендер шалгаруулалтын онцгой журмын дагуу шууд гэрээ байгуулсан хэмээн тайлбарлах аядаж байгаа ч үнэн хэрэгтээ онц байдлаар халхавчилсан шахаа гэдэг нь илтэд ойлгомжтой байна. Учир нь Тендер шалгаруулалтын онцгой журам гээчид “мэргэжлийн өндөр ур чадвар, техник технологи шаардсан нарийн түвэгтэй бараа, ажил үйлчилгээ” хэмээн тодорхой заасан байтал мань нөхөд ердөө “Барилгын засварын материал” худалдан авах нэрээр 20 компанид дээрх 9.8 тэрбумыг шилжүүлсэн байгаа юм. 

Ингэхэд мэргэшсэн саальчин гэж хэн бэ. Өдөр бүр үхрийн дэлэн шувтарч суугаа хөдөө нутгийн бүсгүй юү, эсвэл саалийн үнээ гэгдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийг саагчид уу.  

Нэгэн үе “Эрдэнэт” үйлдвэрийн оныг тоолох уу, эсвэл захирал Х.Бадамсүрэнгийн насыг тоолох уу гэх хоржоонт хэллэг Эрдэнэтчүүдийн дунд дэлгэрсэн. УИХ-ын гишүүнээс “халагдсан” буурал түшээг саальчнаар ирнэ гэж Эрдэнэтийнхэн төсөөлөөгүй. Шинэхэн даргын тансаглал хавь ойрынхны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж хэсэгтээ бужигнуулсан нь үнэн.

Жилийн орлого нь 2017 онд 132348.11 мянган төгрөг байсан бол 2018 онд 150554.44 мянга болж өссөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж эхлэхдээ 64000.00 мянган төгрөгийн жилийн орлоготой байсан нь Авлигатай тэмцэх газрын бүртгэлд бий. Гэтэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болмогц тийнхүү огцом нэмэгдсэн нь дээрх дүнгээс харагдана.

Амины 2, нийтийн 3 орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг үл хөдлөх хөрөнгөтэй түүний хөрөнгийн жагсаалт оффиссын барилга, ферм, үнэ цэнэтэй авто граж гээд чамгүй урт хөвөрнө. Нэмээд 259 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу мал, 3 эзэмших, 2 өмчлөлийн газар, 340000.00 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 76288.02 мянган төгрөг дарж, улмаар 90 сая төгрөгийн авлага үүсгэчихсэн сүйхээтэй эр.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Орхон аймагт ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин Х.Алтантуяа  байгууллагынхаа удирдлагын хуудуутай үйлдлийг хэлснийхээ төлөө сахилгын шийтгэл хүлээж байсан тухайгаа гомдоллож байсныг уншигчид санаж буй биз. Гурван ч хүүхдийн ээж тэрбээр арга тасарсан байдалтай байгаагаа хоолой зангируулан ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаас арчигдаагүй байна.

Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдсоноос хойш өөдөлж, дэвшсэн зүйл ховор. Намын удирдлагуудаас түүнийг ажлаа өгөхийг хэдэнтээ сануулсан гэх ч хэний өмгөөлөлд өдий хүрснийг хэн ч мэдэхгүй.

“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онц байдал түүнд хамааралтай байсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цухалзуулсан удаатай. Тэгээд ч тэр үү, гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг албан тушаалаар нь сүрдүүлж байж үйлдвэрийг бүрэн мэдэлдээ оруулсан гэж учир мэдэх нэгэн хэлдэг.

Онц байдлын хугацаанд ганц ч томилгоо, нэг ч төгрөгийн гэрээ хийхгүй хэмээн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан ч үнэндээ хоосон үг байсныг дээрх баримт харуулж байна. Онцгой дэглэм тогтоогоод удаагүй байхад буюу 2018 оны наймдугаар сараас бүтцийн өөрчлөлт хийж, Хэнтийн залуус Орхонд гүйдэлтэй болсон нь ч үнэн. Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Баттулга гэнэтхэн Уурхайчин соёлын ордны орлогч дарга болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын шууд бус томилгоо гэж хардахаас өөр аргагүй.

2016 оны сонгуулиар “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” уриан дор Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Оюунбаатар нарын гар барьж, инээмсэглэсэн сурталчилгааны хуудас эл хардлагын энгийн эхлэл.

Б.Баттулгаас гадна Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны нэр бүхий 8 нөхөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын байртай болсон. Тэд НАМЗХ-гоор овоглохоос гадна “Хэнтийн залуус” гэх тодотголтойг эрдэнэтийнхэн хэлж байна.

Ямартай ч эл бүгдээс онцлон дээрх 20 компанийн угшил, холбогдлыг бид тодруулан хүргэх болно.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү