С.Амарсайхан: Нам даралтын зууханд түүхий нүүрс түлүүлэхгүй


2020-05-18 16:53:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар  ээлжит мэдээллээ хийлээ.

Нийслэлтэй хамтын ажиллагаатай 40 гаруй хот байдаг. 7 хоног бүр мэдээлэл, туршлага солилцдог талаар тэрбээр мэдээллийн эхэнд онцлов. Улмаар ирэх сарын 2-нд дэлхийн хотуудын захирагчдын цахим хуралд С.Амарсайхан оролцох аж.

Энэ тухай тэрбээр “Сөүл хотын захирагчийн санаачлагаар дэлхийн хотын удирдлагууд цахим хурал хийж, мэдээлэл туршлага солилцоно” гэлээ.

Мөн тэрбээр цар тахлын өнөөгийн байдал авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар халдварт өвчин 213 улс оронд бүртгэгдээд байна. Халдвараар өвчилсөн хүний тоо 4.8 сая, эндсэн хүний тоо 316.558-д хүрлээ.

Хэдийгээр цар тахлын халдвар буурахгүй байгаа ч дэлхийн зарим хотууд эдийн засгаа сэргээх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах, мөн эрсдлээ давхар сэргийлэх ажлаа чангатгах гээд олон ажлыг зэрэг хийж байна. Жишээ нь, ОХУ-д энэ сарын 12-наас эхлэн вирусийн өвчлөл багатай мужуудад хөл хориог аажмаар бууруулж байна. Гэхдээ 65 дээш насны ахмадуудыг гэрээсээ гарахгүй байх шийдвэрээ хэвээр үлдээлээ.

Халдварын тархалтын байдлаас хамаарч бие даасан шийдвэр гаргах эрхийг зарим мужийн захирагчдад олгож байна. Москва хотод энэ сарын 15-наас эхлэн ковид 19 халдварыг илрүүлэх тестийг үнэ төлбөргүй хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Москва хотод зөвхөн хүнсний дэлгүүр богино цагаар, эмийн сан, анхан шатны хэрэгцээний зүйл худалдаж авах боломжтой жижиг дэлгүүрүүд ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд маск, бээлий зүүгээгүй бол зорчуулахгүй байх шийдвэр хэрэгжиж байгаа.

Бээжин хотод ирэх 06 сарын 1-нээс эхлэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг хичээллүүлэх бэлтгэлийг хангаж байна.  Туркийн хөл хориотой 31 хот бий. Үүний 7 хотын хөл хориог цуцалж эхэлсэн байна” гэлээ.

Хан-Уул, Багануур дүүрэгт ариутгал хийнэ

Улаанбаатарын хотын хэмжээнд 04 сарын 03-ны өдрөөс эхлэн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн. Нийтдээ 13.220 аж ахуйн нэгжээс өнөөдрийн байдлаар 12.750-д нь ариутгал хийжээ.

Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ариутгал халдваргүйтгэлийг нийслэлийн дүүрэг бүрт хийж байгаа. Өнөөдрийн байдлаар

-          Сүхбаатар дүүрэгт 19.968 айл өрхийн жорлонг ариутгаж, халдваргүйтгэлийг хийжээ.

-          Баянгол дүүргийн 5922

-          Баянзүрх дүүрэгт 16.831

-          Чингэлтэй дүүрэгт 31.581

-          Сонгинохайрхан дүүрэгт 152.205 бохирын цооногийг ариутгасан байна.

 Хан-Уул, Багануур дүүрэгт хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж ариутгалын ажил эхэлж байна. Ийнхүү ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээс гадна хөрсний бохирдлын асуудлуудаа цэгцлэх, зарим дорвитой ажлуудыг хийхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар тэрбээр онцлов.

Өнжмөл өвсний түймэр 54.9 хувиар буурчээ

Үргэлжлүүлэн тэрбээр хаврын хуурайшилт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

2020.04.27-ны өдрөөс 05 сарын 3-нд өнжмөл өвсний гал түймэр 22 удаа гарчээ. Гал түймэр унтраах, аврах ангийн үндсэн ээлжийн бүрэлдэхүүн 17-г нь унтраасан байна. Нийслэлийн ногоон бүсэд 05 сарын 03-ны байдлаар гарсан өнжмөл өвсний түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  54.9 хувиар буурчээ.  Энэ нь иргэдэд анхаарал, сэрэмжлүүлэгийг эртнээс өгсөн, мөн ууланд алхдаг иргэдэд хяналт тавьж ажилласантай холбоотой гэлээ. Мөн хөл хорио тогтоосон байдал ч нөлөөлсөн гэдгийг тэрбээр онцлов.

Агаарын бохирдол тэр дундаа утааг 50 гаруй хувиар бууруулсан. Утааг бууруулах ажил цаашид үргэлжилнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна. 08 сарын 15-наас эхлэн 09 сарын 15-нд нийслэлийн нутаг дэвсгэрт айлууд зуух яндангаа хөөлөх, аюулгүй байдлаа хангах, байшин, гэр орноо дулаалах ажлыг зохион байгуулна.  Энэ чиглэлээр Засаг даргын захирамж гарчээ. Захирамжийн талаар гэр хорооллын өрхүүдэд мэдээлэл хийгдэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү