Намуудад айдас төрүүлж, шар ус хуруулсан БИЕ ДААГЧИД


2020-05-20 09:55:06

Энэ удаагийн парламентад бие даан нэр дэвшихээр горилсон олон дундаас егзөр намуудын зүрхэнд шар ус хуруулсан цөөнгүй нөхөд байна. Уг нь хотын дарга асан Э.Бат-Үүл, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нар 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байсан.  Гэсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөж АН-ын зүгээс тэднийг дэмжиж оролцохоо илэрхийлснээр тэдний хэсэгчилсэн шоу үзүүлбэр төгсөв. Хотын дарга асан Э.Бат-Үүл намын гишүүнчлэл нь хэвээр байсан ч АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой нэг тойрогт нэхий дээлээ уралцахаа илэрхийлээд байсан ч хандаа даруулсан бололтой таг болсон.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ялалтын дарцаг өргөчихөж мэдэх бие даагч. Шударга бусын хонгилоор орилон чарлан чирэгдэж, хэлмэгдэж, өөрийн нь тодорхойлолтоор улс төрийн золиос болох шахсан нэгэн. Багш мэргэжилтэй тэрбээр АН-ыг удирдан, УИХ-д олонх болгож ардчиллын “баатрууд”-ыг Засгийн эрхэнд жаалах боломжийг олгосон хүн нь л дээ. Харамсалтай нь, эрх мэдлийн оргилд хүрсэн хараацайнууд “Үр могой”-н үлгэрээр Н.Алтанхуягийг үүрнээсээ авч шидсэнээр түүний улс төрийн тоглолт тойргийн гадна өрнөх болсон. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийслэлчүүдийг хямд үнэтэй түлшээр хангах гэж хичээсэн ч хар алт түүнд ээлээ өгөөгүй. Эцэстээ хуулийн хаалга сахиж, өнөөх хонгилоор үе үехэн чирэгдэх болсон. Тэрбээр энэ удаад бие даан Орхон аймагт нэр дэвшинэ. Одоогийн байр сууринаас түүний хүч тэнцвэргүй өрсөлдөгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж.

Бие даагчдыг өнгөлсөн өөр нэг нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр. Ухнаагийн хүүгийн ухагдсан араанд зуугдсан тэрбээр намын харьялалгүйгээр өрсөлдөхөөр шийдсэн бөгөөд ажиглагчдын тооцоололд байгаагүй тоонд гарын үсэг цуглуулж чадсан эр. Тагнуулын байгууллагад ажиллаж байсан түүнийг нэлээдгүй чадварлаг чекист болох байсан хэмээн нэгэн үеийн нөхөд нь ам сайтай. Хурц шулуун хэл үгтэйгээр нь Ц.Нямдоржийн залуугийн хувилбар гэж зарим нэгэн хэлэх ч тэр эл харьцуулалтад дургүй. Хэн нэгнээс сүрддэггүй, хатуу, шулуун үгтэй түүнд өнгөрсөн хугацаанд хүн амины, зодоон цохионы, авлига албан тушаалын гээд түмэн хэрэг тохох гээд барсангүй. Эцсийн зорилго нь улс төрөөс зайлуулах гэсэн хэсэг бүлгийн улайрсан дайралт байсан нь эхнээсээ ил болж эхэлсэн. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй эрмэг, зоримог яваа тэрбээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшинэ. Халуухан, хатуухан хэлэхэд “Үхлийн зон” болно гэгдэж байсан эл тойрогт Ц.Нямдоржийг амлан очсон ч гэмт хүн гэлбэлзэх гэгчээр өнөөх нь сүүл хавчин одсон. Муур хулгана болж хүүхдийн тоглоом болголтой биш, Н.Номтойбаяр араас нь явсангүй. Харин Ц.Нямдорж сайдыг явснаар Хан-Уулын өрсөлдөөн “элит” түвшинд, бусдадаа үлгэр болохуйц цэвэр сайхан болно хэмээн улстөр судлаачид хэлж, хүлээж байна.

Мөн Тордойн Ганболдын багийнхан түмний анхаарлыг татсан хэвээр. Бие даагчдын шинэ реформыг оруулж ирэхээ эртнээс зарласан тэрбээр салбартаа танигдаж, хүндлэгдсэн эрхмүүдээр багаа бүрдүүлчихсэн. Т.Ганболдын тухайд “Алтан Дорнод Монгол”-ын гэх тодотголоор олонд танигдсан бөгөөд Монголын улстөрчид амжилттай яваа бизнесийнхнээ оролдон, дарамтад байлгаж, тоо томшгүй тоонд авлигал нэхдгийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваар баримтжуулан шуугиан тарьсан кадр. Түүний эл алхам бизнес эрхлэгчид авлигын эсрэг босох хамгийн том хүч гэдгийг харуулсан эрүүл, зоримог үйлдэл болж чадсан. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд тусламжийн хэд хэдэн ажлыг хийсэн шиг хийсээн. Хоёр ч айлыг орох оронтой болгосон нь олноос дэмжлэг, талархлыг харамгүй хүлээсэн гэж болно. Түүнчлэн 801 бус 3000 гаруй дэмжигчийн гарын үсэгтэй болж чадсан тэрбээр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг хөл дээр нь босгож байсан сайн менежер. Дархан-Уул аймагт нэр дэвших түүнтэй МАН-аас Б.Жавхлан, Б.Баттөмөр бол АН-аас өнөөх алдарт Дашууд.

Т.Ганболдын тэргүүлсэн бие даагчдын “баг”-аас салбартаа танигдсан зарим нэг эрхэм нилээдгүй санал зулгаахаар харагдаж байгаа. Гэхдээ түмэн бие даагчдаас гарцаагүй тодорч аль аль намынханд шар ус хуруулж, мэнгэт сайдыг хүртэл сүүл хавчин зугтахад хүргэсэн эдгээр хүчирхэг дуу хоолой шинэ парламент, шинэ өөрчлөлтөд зайлшгүй байх ёстой нь үнэн юм. Тиймээс тэдэнд амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү