Тойрог: Дорноговьчууд алимныхаа өнгийг солино


2020-05-21 10:45:06

Дипломат Я.Батсуурь сонгогдож байсныг эс тооцвол час улаан тойрог. МАН-д үнэнч сонгогчидтой тул энэ удаагийн сонгуулиар мандатынх нь тоог хоёр болгон нэмэгдүүлсэн. Өмнө нь Говьсүмбэр, Дорноговь хэмээн тойрогт хуваадаг байсан бол Говьсүмбэрийг Дундговь аймгийн хаяаг бараадуулж, Дорноговьчууд дангаараа УИХ-д хөтөлгөө морьтой болж байгаа юм.

2016 оны сонгуулиар энэ нутгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан дахин нэр дэвшинэ. “Болдтөмөр Ерөө гол”-ын гэх тодотголтой Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 4 жил парламентад гавьяа ч байгуулсангүй, гай ч тарьсангүй.

Махны наймаагаар бизнесээ эхлүүлж, улмаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвш­лийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөн­гөөр төмөр зам тавьж зүтгүүр, ачааны вагон зэргүүдийг оруулж ирсэн гэхчлэн түүний намтар хөвөрнө. Монголын баялгийг зөөж, хөлжсөн нэгэн ч гэдэг.

Оффшор бүсэд данстай тэрбээр 2016 оны эдийн засгийн хүндрэлийн дараа буюу УИХ-д тухлаад удаагүй байхаад хувиасаа 100 сая төгрөг улсад хандивлахаа мэдэгдэж байв. Ингэж 2017 оны эхээр мэдэгдэл хийгээд сураг алдарсан гэхэд хилсдэхгүй биз.

Түүнтэй хамт аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ удаагийн сунгаад хүч үзнэ. Бусад аймагтай харьцуулахад хөгжлийн алтан байршил дээр суурьшсан бүс учраас улсын төсөв харж, хоёр гараа дэлгэж суудаггүй хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв. Хамарын хийдийн ойр орчмыг ухаж эхэлсэн Хятадын компанитай халзагнаж, лицензийг нь цуцлуулсан гавьяатай. Аймгаа хоёр дахь Эрдэнэт хот болгоно хэмээн мөрөөдөж явдаг нэгэн.

Эл хоёр эрхэмтэй АН-аас Ц.Жадамжаа, Д.Алтангэрэл нар өрсөлдөнө. Харилцаа холбоо, мэдээлэл технилогийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Жадамбаа АН-ын залуу лидерүүдийн нэг. 2016 оны сонгуулийн дараа буюу АН ялагдсаны дараагаас гадаадад суралцахаар хилийн дээс алхсан. Өнгөрсөн хугацаанд эх орондоо цөөн ирсний нэг нь Дорноговь аймгийн алдарт уяач цолоо хүртэхээр ирсэн явдал байв. Нэр дээрх хурдан хүлэг нь улсын наадмаар айрагдаж, охиноо мэндлэхэд ирээгүй атлаа алдарт уяачийн болзол хангамагц тэр даруйдаа Монголд газардсан гэх шүүмжлэл ойр хавийнхнаас нь сонсогдох нь бий.

АН-ын дараагийн нэр дэвшигч нь “Нэткапитал санхүүгийн групп”-ийн зөвлөх Д.Алтангэрэл. Цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн цагаас нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн Дорноговьд хандив тусламж их өгсөн нэгэн. Өөрөөр хэлбэл, усалгааг эрчимжүүлж, олны анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж эхэлсэн гэхэд болно. АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн даргын албан тушаалтай. Гэвч төдийлөн олонд танигдаагүй нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах ёстой гэх байдлаар хэвлэлийн хуудаснаа гарч байсан ч нүдлэгдэж дөнгөөгүй.

МАХН-аас “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан Ч.Чимидсүрэн, С.Мэндсайхан нар нэр дэвшинэ. Түүний хувьд сонгуулийн одгүй нэгэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвших ч ялалт байгуулж байсан удаагүй.

Н.Энхбаяр туурга тусгаарласан цагаас мань хүн МАХН-ын тугийг тойрч, сонгуулийн дэвжээнд гардаг. Гэвч чөлөөт бүсийн захирагчаас өөрөөр албан тушаал хашиж байсангүй. Гэхдээ тэр хамгийн сайн санал хуваагч. 2012 оны сонгуулиар тэрбээр Дорноговь аймагт нэр дэвшиж, санал хураалтаар эхний 3-т эрэмбэлэгдэж байв. 50 мянга гаруй хүн амтай эл тойргийн голлох санал хуваагч тул МАН, АН-аас ихээхэн анхаарал хандуулж байгаа гэх мэдээлэл ч бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү