С.Цогтгэрэл: Нэр дэвшигчийн чансаа тогтоох судалгаа явуулахыг хориглоно


2020-05-28 11:45:37

ШӨХТГ-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явцын талаар ШӨХТГ-ын дэд дарга, орон тооны гишүүн С.Цогтгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн 4 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.  Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 46 дугаар зүйлийн 13, 48 дугаар зүйлийн 1.7, 7 гэх дөрвөн заалтуудад хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилладаг гэсэн үг.

УИХ-ын ээлжит сонгууль эхэлснээс хойш зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

  1. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн МҮОНТ-ээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл гаргасан.
  2. Аймаг, нийслэлийн нийт 138 хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2 удаа Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.
  3. Улс төрийн 35 намуудад Ссонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.
  4. СЕХ, ХХЗХ болон бусад холбогдох хууль хяналтын байгууллагуудтай уулзалт семинар тогтмол хийж байна.
  5. Телевиз радио, фм, өдөр тутмын сонин, сайт сошиал орчинд байнга хяналт тавьж ажиллаж байна .

Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар зөрчил гаргасан “ТВ 4”, Боловсрол,“ТМ” “ТВ 10” гэх дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.

Гаргасан зөрчлийн тухайд

  1. ТВ 4 телевизийн “таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV 4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр УИХ-ын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий  санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрсөн тул Улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
  2. Olloo.mn сайтаар “Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна” гэх нэртэй нийтлэлд  “Хэнтий аймгийн сонгогчид хэнийг сонгох вэ” гэсэн хэсэгт улс төрийн чансаа тогтоосон судалгаа шалгаруулалт бүхий агуулгатай  нийтлэлд  уншигчдын сэтгэгдэл авч улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг арилгуулсан.

Цахим орчинд нэр дэвшигчдийн чансаа тогтоох санал асуулга их өрнөж байна. ШӨХТГ-аас ийм зөрчил гаргасан 43 цахим хаягийн ханадалтыг хязгаарласан. Олон гишүүнчлэлтэй группүүп бий. Тухайлбал, Иргэдийн дуу хоолой гэж групп бий. Энэ групп дээр хувь хүн болон хууль зөрчсөн зүйлийг шейрлэж, постолж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус группийн админыг дуудаж, анхааруулж, таслан зогсоохыг сануулсан.

Хэрэв хуулийн заалтыг зөрчиж улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулвал Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно.

 

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү