Салбарын сайдаасаа илүү боловсролтой дэдүүд


2020-08-03 09:33:54

Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу У.Хүрэлсүхийн “бүрдүүлсэн” өнөөгийн Засгийн газрыг тураалтай гэх тодотгол дагалдах болов. Хэдийгээр мэргэжлийн болгон харагдуулах гэж хичээсэн ч үлбэгэр, сул дорой байдал нь давамгайлсан нь тэр. Дээр нь олон талын тохиролцоо нь ч үүнд нөлөөлсөн биз.

Тэгвэл салбарын сайд нараас илүү дэд сайд нарын өнгө төрх олны анхаарлыг татах боллоо. Салбарын сайд нараасаа илүү мэдлэг, мэдээлэлтэй дэд сайд нарыг танхимын гишүүд байсан бол гэх халаглал ч ах намын гишүүдийн амнаас цухалзана.

13 яамны дэд сайд нарын 4 нь У.Хүрэлсүхийн зөвлөхүүд. Боловсрол, мэдлэгтэй залуусаар зөвлөх багаа бүрдүүлсэн хэмээн Ерөнхий сайдыг нэг хэсэг нь шагшиж байхад нөгөө тал нь ирээдүйн утсан хүүхэлдэйнүүд гэх байдлаар шүүмжилж байлаа. Тэгвэл тэд өдгөө салбарын дэд сайд нар болжээ.

Дэд сайд сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах;
2/сайдын нэрийн өмнөөс холбогдох агентлаг, бусад байгууллагатай өдөр тутам харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах;
3/хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах;
4/сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;
5/УИХ, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;
6/хуульд заасан бусад бүрэн эрх.

Салбарын сайдаасаа илүү боловрол мэдлэгтэй дэд сайд нарыг танилцуулья.

Харьцуулалт-1

Эрчим хүчний сайдад Багануурын гэх тодотголтой Н.Тавинбэх ажиллаж буй. Тэрбээр

  • 1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль
  • 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр
  • 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Орос, Англи хэлтэй.

Харин эл яамны дэд сайдаар томилогдсон М.Баярмагнай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Бүр тодруулбал, У.Хүрэлсүхийн зөвлөхүүдийн нэг. Тэрбээр

  • 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль,
  • 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи,
  • 2016 онд Австралийн Баруун Сидней их сургуулийг дүүргэжээ.

Бидний хэлдгээр гадаадад галуу шувууны мах идэж, боловсрол эзэмшсэн нэгэн. Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2.5 тэрбумын орон сууц, барилга байгууламжтай, 916 сая төгрөгийн авлагатай, 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй. Жилийн орлого нь 32.954.130 төгрөг.

Харьцуулалт-2

Сүүлийн үед БСШУ-ын сайд Л.Цэдэвсүрэнгийн сурагч үеийнх нь намтар сөхөгдөх болсон билээ. Тодруулбал, улаан шугамны дор бичигдэж байсан хүн Боловсролын сайд болсон нь шүүмжлэл дагуулж эхэлсэн нь тэр.

Салбарын сайдын боловсролын байдлыг харвал

  • 1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар сургууль
  • 1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн хуулийн факультет
  • 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
  • 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль магистер хэмээн намтартаа бичжээ.

Түүнчлэн түүнийг Төрийн нарийн бичгийн дарга болох, сайд болох хоёртоо суралцсан байдлаа хоёр өөрөөр бичсэн гэх шүүмжлэл ч өрнөж буй. Чухамдаа Боловсролын сайдын боловсрол олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх боллоо.

Харин эл салбарын дэд сайд сайдаар улиран ажиллаж байгаа Г.Ганбаярын тухайд

  • 1987-1997 онд Нийслэлийн 10 жилийн 84 -р дунд сургууль
  • 1998-2002 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль - эдийн засагч
  • 2002-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн магистр зэрэгтэй тус тус төгссөн

МҮОНРТ-ийн Гэрэлтэй цонх хөтөлбөрөөр олон нийтэд танигдаж эхэлсэн тэрбээр 775 сая төгрөгийн 2 орон сууц, 140 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 30 сая төгрөгтэй тэнцэх мал, 450 сая төгрөгийн хадгаламжтай.

Харьцуулалт-3

Гадаад хэргийн сайдад УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан Н.Энхтайваныг томилов. 2016 оны сонгуулийн дараагаас УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд томилогдож, улмаар шат ахисаар өдгөө салбарын сайд болсон нь энэ. Түүний боловсролын байдлыг танилцуулбал

- 1978-1988 онд Эрдэнэт хотын 4-р 10 жилийн дунд сургууль

- 1988-1989 онд Монгол улсын Политехникийн дээд сургууль

- 1988-1993 онд Бээжин хотын Худалдааны их сургууль

- 1997-1998 онд Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс

- 1998-1999 онд МУИС   Эдийн засагч 

- 2004-2006 онд АНУ-ын Стрэйерийн их сургууль Магистр Бизнесийн удирдлага гэжээ.

Түүний Гадаад харилцааны яаманд олон жил ажиллаж байсан туршлагыг нь үндэслэл болгож, салбарын сайдын албан тушаалаар шагнасан гэдэг.

Тэгвэл түүний удирдлага дор ажиллах дэд сайд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Мөнхжин. Тэрбээр

  • 2005 онд Монгол Улсын их сургууль
  • 2015 онд Оксфордын их сургууль
  • Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.

Салбарын сайд жилийн хугацаанд нэг сургуулийг дүүргэсэн намтартай бол дэд сайдын хувьд 2008 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн төрийн албанд нийт 13 жил ажилласан. Түүний хувьд 135 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 орон сууц, 1 гражтай.  “RX 350” маркийн автомашинтай, жилийн орлого нь 26.807.280 төгрөг. “Жьюнь Бьюти” ХХК-ийн эзэн.

Харьцуулалт-4

Улаанбаатар хотын орлогчоор ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг Барилга хот байгуулалтын сайдаар томилоод байгаа билээ. Түүний боловсролын байдлыг авч үзвэл

  • 1982 - 1992 онд Төв аймгийн 10 жилийн 2-р сургууль
  • 1993 - 1996 онд Техникийн их сургууль, хими технологич
  • 1997 - 2001 онд Монгол Улсын Их Сургууль, улс төр судлаач, бакалавр
  • 2001 - 2003 онд Монгол Улсын Их Сургууль, эрх зүйч, бакалавр
  • 2004 - 2006 онд Зүүн Лондонгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Харин дэд сайдаар ажиллах Э.Золбоогийн тухайд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Гадаадад боловсрол эзэмшиж, галуу шувууны махаар хооллож байсан намтартай. Тодруулбал, тэрбээр

  • Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • АНУ-ын Indiana-ийн их сургуулийг Улс төр судлаач
  • АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургуулийг Эрх зүйч /магистр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү