Дараагийнх нь Д.Дамба-Очир, Л.Энхболд нар


2020-08-11 11:17:16

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал маргааш болно.  Түүнийг мөн л ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан   “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан нь бий.

Гэвч Д.Дамба-Очир болон түүний өмгөөлөгч нар хуулийн байгууллагын дуудс ан цагт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.

Тэгвэл маргааш Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал болж, асуудлыг эцэслэх бололтой.

Одоогийн байдлаар ЖДҮ-гийн дуулианд нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Г.Батзориг, Г.Солтан, Б.Ундармаа нар хуулийн байгууллагаас ял сонсоод байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн үзжээ. Ингээд 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” ХХК-нд 950,000,000 /есөн зуун тавин сая/ төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнг үйлдвэрийн сайд Г.Батзоригийг АТГ-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгасан. Эрхэм сайд асныг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байдаг. Шүүх хурлын явцад Г.Батзориг үйлдсэн хэргээ хүлээж, ял наймаалцсан анхны гишүүн аснаар тодроод байгаа.

Улмаар прокурорын найман жилийн хорих ялын өөрчлөгдөж Б.Батзориг хоёр жилийн ял сонссон юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэргийг шүүх хэлэлцээд нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, нээлттэй хорих ангид 2.6 жил хорих ялаар шийтгэлээ.

Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурлын дараа Л.Энхболдын асуудлыг оруулах бололтой. Тэрбээр бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү