Үүрэг гүйцэтгэгчтэй, “үүрэггүй” нам


2020-09-11 13:24:45

Намууд Улс төрийн хүрээний хамгийн халуун сэдэв бол орон нутгийн сонгууль. Энэ удаагийн сонгуульд хэн ялалт байгуулах вэ гэдэг нь нэр дэвшигчдээс ихээхэн хамаарна. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялагдахаа зарлачхав. Угаас намын удирдлага нь үүрэг гүйцэтгэдэг, дээрээс нь нэр дэвшигчдээ нам дотроосоо гэхээс илүү эрээвэр хураавар хүмүүс цуглуулж, МАХН, ШИНЭ намуудтай эвсч байгаа нь өөрөө ялагдлын эхлэл юм.

2016 оны ялагдлын дараа АН дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн процесс өрнүүлсэн. Гэвч АН шинэчлэгдсэн эсэхэд 2016 оны сонгууль дүн тавьсан учраас намын удирдлага нь ажлаа өгөөд буй. 2020 оны сонгуулийн өмнө АН шинэ удирдлагатай, шинэ бүтцээр орон нутгийн сонгуульд оролцох болов уу гэсэн хүлээлт ардчилалд хайртай, дэмждэг сонгогч түмний хүлээлт байсан. Гэвч АН дотооддоо үл ойлголцож, намын даргын сунгаагаа ч хийж чадалгүй орон нутгийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч удирдлагатай орж байна. Үүнтэй адил нийслэлийн АН ч мөн үүрэг гүйцэтгэгчээр толгойлуулж сонгуульд орж байна. Энэ нь өөрөө АН-ын дотоод тэмцэл, талцал нэг талд шийдэгдээгүйн илрэл юм. Тиймээс ч орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн “захиас”-ын дагуу МАХН, ШИНЭ намуудтай нэгдэв.

Өнгөрсөн парламентын үед намынхаа эсрэг ажиллаж, намаа УИХ-д бүлэг ч үгүй болгож, өөрөө шинээр нам байгуулан өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын намтай эвсч байгаа нь АН нэгдмэл биш болсон гэдгийг илтгэнэ. Түүгээр зогсохгүй коммунист гэж хэлж болох зөвхөн нэг л удирдагчтай, нэг л хүний эрх ашгийн төлөө тэмцдэг МАХН-тай нэгдэж, сонгуульд нэр дэвшигчдээ хамт тодруулж байгаа нь АН-ын задралыг илүү тодотгож буй.

Энэ бүхнээс харахад Ардчилсан нам өнөөдөр яг хэний нам, хэний ардчиллыг төлөөлж байгаа вэ, Ардчилсан нам яг ардчиллагчдын хүсдэг нам мөн үү гэдэг эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Монголын ардчлагчид, ардчиллыг дэмжигчдийн сонголтыг уландаа гишгэж, олон мянган ардчилсан намын жирийн гишүүдийн сонголт нь МАХН, ШИНЭ-тэй эвсч сонгуульд орохыг хүссэн гэхэд итгэх хүн үгүй биз ээ.

Тиймээс ч улс төрийн хүрээнд АН-ын нэр дэвшигчдийг тодруулахад Ерөнхийлөгч “гар бие” оролцсон, АН-ын одоогийн дарга нарын үүрэг гүйцэтгэгч болох Б.Пүрэвдаваа, Ц.Туваан нарыг Ерөнхийлөгчийн хүн гэж ярилцаж сууна. Тиймээс АН-аас ялалт, ардчиллын дуу хоолой, ардчиллаа аврах талаарх хүлээлт үүгээр дуусч байна гэхэд хилсдэхгүй болов уу.

www.zaluu.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү