Надад санал байна: Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нарын хадгаламжийн хүүг тэглээд өгөөч


2020-11-25 09:48:30

Хадгаламжийн хүүг тэглэхийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар шаардав. УИХ дахь Түр хорооны хуралдааны үеэр цар тахлын үед хадгаламжийн хүүг тэглэж, тэр мөнгөөр нь аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн уцаарлаж, Монголбанкныхныг зандарлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хадгаламжийн хүүг гурван сараар тэглэж болно. Болохгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Бүр болохгүй бол хадгаламжийн хүүг гурван сарын хугацаанд тэглэх саналаа Монголбанк оруулаад ирж болно шүү дээ” хэмээсэн бол Б.Дэлгэрсайхан “Ковид гарчихаад байна. Зээлийн хүүг буулгах боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3-6 сараар ч юм уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болоод байна. Манайд банк нь өөрөө оршин тогтнохын тулд хүү амлаад байгаа чинь буруу” хэмээв.

Нөхцөл байдал ээдрээтэй, иргэдийн амьжиргаа тааруу энэ үед бодох л санаа. Гэвч олон улсад, Грект зээлийн хүүг тэглэсэн байдаг ч энэ нь амжилт төдийлөн олоогүйг төвбанкны удирдлагууд хэдэнтээ тайлбарлана билээ.

Нөгөөтэйгүүр, хуримтлал ямар чухал болохыг монголчууд хагас хугас ойлгож эхэлж, цалингаасаа хэд арван төгрөг цааш хийж, хүүхдийнхээ мөнгийг хуримтлуулах гэж хичээж буй. Хоногийн хоолноосоо илүүчлэн байж, хэдэн төгрөг цааш нь хийдэг залуу гэр бүлүүд ч цөөнгүй. Тэгвэл тэдний хүсэл мөрөөдөл болоод хэтэвч рүү нь эрхэм гишүүд гар дүрэхийг шаардаж байгаа нь зөв үү.

Харин үүний оронд өөрсдийн нэр дээр хадгаламжийн хүүнээсээ татгалзаж байгаагаа дугуй танхимд зарлачихсан бол тэдэнд талархмаар...

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жилдээ 206 сая төгрөгийн орлоготой нэгэн. Гэр бүлийн орлого нь 1.2 тэрбум төгрөг. “Оргил” худалдааны төвийн эзэн гэгддэг тэрбээр хадгаламжиндаа 25 тэрбум төгрөгтэй. Энэ хадгаламжийн хүүг 3 сараар цуцлахад нэлээн олон өрхийг хооллочих вий.

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан жилийн 3 тэрбум төгрөгийн орлоготой. Гэр бүлийн орлого нь 171546.05 мянга. “Дорнын говь” компанийн эзэн тэрбээр хадгаламжиндаа 4 тэрбум төгрөгтэй.

Хэн хэнийх нь хувьд бэлэн байдлын зэрэгт шилжиж, иргэд, аж ахуйн нэгжийн эдийн засгийн байдал хүндэрсэн нөхцөл байдалтай уялдуулан хувийн зүгээс эх оронч сэтгэлээр хандан, сэтгэлийн хандив өгөх боломж бололцоотой. Ёстой л хотойгоод байхааргүй хөрөнгөлөг эрхмүүд. Иймээс горимын санал байна. Энэ хоёр эрхмийн хадгаламжийн хүүг тэглээд өгөөч. Тэр мөнгөөр ядмагхан эдийн засагтаа дэм хийе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү