Я.Содбаатар: Халдвар тархсан зургаан аймаг, Улаанбаатар хотод 3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ


2020-12-02 12:01:25

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дотоодод халдвар тархсан зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Халдвар гарсан эдгээр аймагт тусгаарлах үйл ажиллагаануудыг нэлээд хийсэн. Ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тархвар зүйн хувьд тусгаарласан. Иймээс цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

 

Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна.  2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ. Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ. 

Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220.000 гаруй өрх бий. Эдгээр өрх нэг тонн сайжруулсан түлшийг 150.000 төгрөгөөр худалдан авдаг. Үүнийг 50 хувиар хөнгөлөлттэй буюу 75.000 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

Коронавирусийн халдвар дотоодод тархсанд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд халдвар тархаж болзошгүй найман цэгт хяналтын баг очиж ажиллана. Нэгдүгээрт ХӨСҮТ-д ажиллана. Хоёрдугаарт тусгаарлах байранд хяналт тавина. Тусгаарлах байртай холбоотойгоор дотоодын халдвар гарсан. Мөн батлагдсан тохиолдлын хавьтал гэхэд нийслэлд 750 гаруй хүн бий. Мөн дам хавьтлаас эрсдэлтэй гэж үзэж байгаа хүмүүсийг тусгаарлах байранд оруулсан. Энэ хүрээнд тусгаарлах байрны хүрэлцээ, хангамж хүнд байсан. Гадаадаас ирсэн иргэд гэрийн ажиглалтад шилжиж, ойрын хавьтлуудын 3 дахь шинжилгээ хийгдэж байгаатай холбоотойгоор тусгаарлах байр суларч байна. Иймээс тусгаарлах байранд шалгалт хийж, шаардлага хангавал гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна" гэв.

Мөн тэрбээр боомтуудад халдвар хамгааллын дэглэм амаргүй байгаа ч эдийн засгийн хувьд бүрэн хаах боломжгүй байгааг тайлбарласан юм.  Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү