Д.Ганбат: 149 төслийг царцааж 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломж байна


2020-12-04 11:20:39

Чуулганы хуралдаанаар ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа бөгөөд энэ талаарх үндэслэлээ чуулганы хуралдаанд уншиж танилцууллаа.

Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдварыг цар тахал хэмээн зарласан. Монгол Улсын Засгийн Газар, Улсын онцгой комисс 2020 оны 3 дугаар сараас эхлэн хөл хорионы дэглэм тогтоож, улмаар Монгол Улс дотооддоо цар тахлын халдварыг алдсан учир 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хатуу хөл хорио тогтоож, дахин 10 хоногоор сунгасан энэ бүх хугацаанд өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт хүн 819, үүнээс дотооддоо халдварласан тохиолдол 436 болж нэмэгдсээр байна. 2019 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 3 хүн тутмын 1 нь ядууралд өртсөн гэсэн статистик байсан бол өнөөдрийн байдлаар 2 хүн тутмын 1 нь ядууралд өртөж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьсны улмаас 150 мянга гаруй ажлын байр байхгүй болсон байна. Энэ байдал үргэлжилбэл он дуусахад 430 гаруй мянган хүн ажлын байраа алдахаар байна. Иргэд орлогогүй болж, ажлын байраа алдсанаар цаашид амь амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөлд шилжиж байгаа бөгөөд 2020 оны 10 дугаар сарын байдлаар нийт айл өрхүүдийн 72 хувь нь хадгаламжгүй байгаа нь цар тахлын үеийн хөл хорионы үеийг даван туулах боломжгүй байна.

Улсын Их Хурал /УИХ/ дахь Ардчилсан намын бүлгээс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, төсвийн зардлыг танаж, төсвөө алдагдал багатай батлах, өсөн нэмэгдэж буй өрийн дарамтыг эрс багасгах, үр ашиггүй хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх асуудлаар тодорхой саналуудыг хүргүүлж, засаж залруулан дахин өргөн барихыг шаардсан билээ.

Гэвч эрх баригчдын зүгээс Төсвийн тухай хуулийн олон заалтуудтай зөрчилдсөн, 2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар боловсруулсан төслөө баталсан. Одоогоос дөрвөн сарын өмнө буюу УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар өмнөх оны төсөвт тодотгол хийхдээ мөн 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Ийнхүү хоёр жилийн хугацаанд төсөв, санхүүгийн буруу шийдвэрийн үр дүнд Засгийн газрын өрийг 6.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг энд дахин сануулъя. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ хүнд цаг үеийг ойлгон, улс төржиж намчирхалгүйгээр ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх үед “төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаанд нь эцэслэн батлах үйл явцыг хялбаршуулсан горимоор хэлэлцэж, улмаар нэн даруй төсвийн тодотгол хийх” горимын санал гаргаж олонхын саналаар дэмжигдсэн. Гэтэл эрх баригчид нийт ард түмний өмнө гаргасан шийдвэрээсээ буцаж, төсвийн тухай хуулиа тодотгож алдаагаа засах ёстой байтал элдэв шалтаг тоочин хойшлуулсаар байна.

Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг дэмжиж байгаа болно.

Тодруулбал

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр нь үлдээж, бусдыг нь  ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд 1 их наяд 185 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломж байна. Мөн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэл хувийг буюу нийлбэр дүнгээрээ нэг их наяд төгрөгийг ЖДҮДСанд төвлөрүүлж импортыг орлох, ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих,

УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2021 оны төсөв нь Төсвийн тухай хуулийн 14 заалтыг зөрчиж байгааг эргэн харж хуульд нийцүүлэх,

Төсвийн орлого бүрдэхэд хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт тэвчиж болох зардлуудыг 20 хүртэл хувиар бууруулж, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгөөр цар тахлын сөрөг нөлөө болон эрх баригчдын явуулж буй бодлогоос болж дампуурахад хүрсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий  Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан “Эрсдэлийн сан”-г байгуулах,

Засгийн газраас бонд гаргах замаар эх үүсвэр бүрдүүлж, эдийн засгийг сэргээхэд зориулан "0" хувийн хүүтэй урт хугацаатай зээлийг иргэн, аж ахуйн нэгжид яаралтай олгох,

Коронавиурсын халдварын эсрэг вакцин худалдан авах төсвийг гадаад улсын зээл тусламжын хөрөнгөөр бус 2021 оны улсын төсөвт суулгаж шийдвэрлэх,

Коронавируст халдварын цар тахлыг дотооддоо алдсаны улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагааг зогсоосноор эдийн засагт хүнд цохилт болоод зогсохгүй иргэдийн орлого эрс буурч, үйлдвэр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэж, айл өрхийн амьжиргаа туйлын хүнд байдалтай байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг яаралтай боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг (ваучер) олгох” тухай саналыг хүлээн авч хэрэгжүүлэн, айл өрх бүрийг дэмжих замаар үндэсний үйлдвэрээ дэмжсэн бодлогыг гаргаж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдал, дээр дурдсан шалтгаан зэргийг харгалзан төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг алдаагаа засах боломж гэж ойлгон УИХ хүлээн авах шаардлагатай байна

Нийт ард иргэдээ бодож асуудалд эрүүл саруул ухаанаар хандана гэдэгт итгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү