Л.Энх-Амгалан: Үйлдвэрлэлийн осол, ажилгүйдлийн даатгалын мөнгийг иргэддээ өгье


2020-12-04 14:56:02

Чуулганы хуралдаанаар ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн боловч эрх баригчид дэмжсэнгүй.

Цар тахлын үед ирэх оны  төсөвт вакцины төлбөрийг суулгахаас эхлээд иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх хөрөнгийг шийдвэрлэхийг сөрөг хүчний зүгээс шаардсан боловч ийнхүү эрх баригчид өө ахиулсангүй. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гарсан зарим санаачилгыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчийн төсөвт тавьж байгаа хоригийг боломж гэж хүлээж авах ёстой. Төсөвт 2021 онд шинээр хийх 800 тэрбумын санхүүжилттэй 457 ажил байгаа. Үүний 384 тэрбум нь 2021 онд гарахаар байгаа. Хэрвээ одоо хоригийг хүлээж авахгүй бол он гараад тодотгол хийх үед эдгээр ажлууд аль хэдийн эхэлчихсэн, гэрээл хэлэлцээр хийчихсэн байна. Шинээр эхэлж байгаа ажлуудыг одоо зогсоох боломж байгаа.

Шинээр эхэлж байгаа ажлаас дурдвал 36 төсөлд 25 тэрбум төгрөг гарахаар тавьсан байна. Энэ дотор иргэдэд үйлчлэх мэдээллийн төв гээд 1.3 тэрбум төгрөгөөр гурван сумд төсөв тавьсан байна. Тамгын газрын байр гээд сум болгонд байгаа. Гэтэл дахиад иргэдэд үйлчлэх төв барих гэж байна.Төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалт чинь үйлдвэрлэл хөгжсөн оронд илүү ихээр ашиглагддаг зүйл. Манайх чинь мөнгө нь дотооддоо шингэдэггүй эдийн эдийн засаг нь өөр орон шүү дээ" гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Засгийн газрын тусгай сангууд бий. Эхний 10 сарын гүйцэтгэлээр үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалд 131 тэрбум төгрөг, Ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум төгрөг байна. Нийт бидэнд өнөөдөр 200 гаруй тэрбум төгрөг байна. 1 сая хүн өнөөдөр нийгмийн даатгалд мөнгө төлж байна. Энэ хүмүүс ажилгүй, орлогогүй болчихлоо. Даатгуулагчдын мөнгийг одоо л иргэддээ зарцуулах ёстой. Эрсдэлтэй нөхцөлд эргүүлэн авна гэж төлсөн шүү дээ. 48.000 ажил олгогчдын төлж байгаа мөнгө бас бий. Эдгээр мөнгийг нэгтгээд ажлын байраа алдсан, орлогогүй болсон, эмзэг бүлгийн иргэддээ зориулсан арга хэмжээ авбал өргөс авсан мэт асуудал шийдэгдэгдэнэ. Бодит санаачлагыг иргэд хүсч байна" гэв.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хөрөнгө оруулалтыг тэлснээр ажлын байрыг хадгална. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотой хувь хүний орлогын албан татварыг тэглэсэн. Аравдугаар сарын 1-нээс ХХОАТ-ыг тэглэсэн хуулийн үйлчлэл зогсоод уг татварыг хуулийн дагуу авч байгаа.

Цаашид цар тахлын дэгдэлт намжихгүй бол 2021 оны төсөвт тодотгол хийвэл хүн амын орлогын албан татварыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. 2021 оноос ажил олгогч болон ажилтны төлөх НДШ нэг нэг хувиар нийтдээ хоёр хувиар нэмэгдэх хууль хэрэгжинэ. Цар тахлын дэгдэлт арилаагүй байгаа үед НДШ хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах уу эргэж харах уу гэх мэтчилэн анхаарах зүйл байна" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "5.1 их наяд төгрөгийг зарцуулах дээр нь нэмээд хандивын 700-800 сая ам.долларыг зарцуулах эрхийг өгсөн. Одоо хүртэл тайлан нь алга. Гэтэл Дэлхийн банкнаас 50 сая ам.доллар зээлнэ гэж онигоо болж байхын оронд бусад улс орны вакцинд хүсэлтээ өгч эртхэн орох боломж байсан шүү. Иргэдийн амьдрал хэцүү байна. Ядуурал 30 хувь байсан бол өнөөдөр 50 хувь болж нэмэгдсэн. ААН-үүдийн 20хан хувь цалингаа тавьж байна. Энэ байдал удаан үргэлжлэвэл  430 мянган иргэн ажилгүй болно. Төв аймгаас иргэд ярьж байна. Өмнө нь 20-30 мянган төгрөгөөр авдаг байсан бараагаа авч чадахаа больчихлоо" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү