Хайран байна


2021-01-21 13:57:17

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргажээ. Хүнд цаг үед улс төрийн тогтворгүй байдал бий болох нь олон эрсдлийг дагуулах нь бий. Тиймдээ ч МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хурлаар Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагагүй гэдгийг гишүүд нь илэрхийлсэн байна. Гэвч хариуцлага алдсан албан тушаалтнуудын толгойг илээд суух цаг үе ч бас биш.

Хятад улсад 2019 оны 12 сард коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Урд хөршөөс шууд хамааралтай, хот айл шиг орж гарч байдаг манай улс хамгийн өндөр эрсдэлтэй үе байлаа. Тухайн үед УОК-ийн дарга, Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн салбарын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл нарын удирдлага зохион байгуулалт, шуурхай арга хэмжээний үр дүнд хаяанд байсан халдварын голомтыг холуур тойруулж дөнгөсөн нь маргашгүй үнэн.

Нэн даруй сургууль, цэцэрлэгийг карантилж, хил, гаалийг хааж, Сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглох санал гаргасан Д.Сарангэрэл сайдыг олон ч хүн сүржигнэлээ, асуудлыг дэвэргэлээ хэмээн шүүмжилж байсан.

Мөн 2020.01.31-ний өдрөөс эхлэн удаа дараагийн захирамж, тогтоол, шийдвэр гаргаж төр, хувийн хэвшлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд нэн тэргүүнд эмнэлгийн байгууллагуудад тусгаарлах өрөө бэлдэх, эмнэлгийн нөөц хангамжийг нэмэгдүүлэх, эмч, ажилчдыг цар тахлын үед ажиллах сэтгэл зүй болон арга барилд сургах сургалтууд ч олноор зохион байгуулсан.

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар эмнэлгийн удирдлагууд бэлэн байдлаа хэрхэн хангаж, хичнээн эрчимт эмчилгээний ор, тусгаарлах өрөө бэлдсэн талаараа танилцуулга хийдэг байв.

Энэ үед Д.Сарангэрэлийг муу эр дайнд хөөрнө гэгчээр аяглаж байна гэх шүүүмжлэл өрнөсөн. Гэсэн ч тэр ДЭМБ болон гадны зээл тусламжийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас хэрэгсэлд анхаарлаа хандуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Ийнхүү түүний удирдлага, зөв менежмент, авч хэрэгжүүлсэн шуурхай арга хэмжээний хүрээнд Монгол Улс цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сар болсонтой маргах хүн гарахгүй биз. Үүнд тухайн үеийн Засгийн газар, УОК болон эмч, эрүүл мэндийн байгууллагуудын уялдаа, ажлын арга барилын үр дүн ч нөлөөлсөн.

Дэлхий дахинд цар тахал аюулын харанга дэлдэж, олон хүн өвчилж, нас барсан хүний тоон мэдээлэл ч өдөр ирэх тусам нэмэгдэж, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд барьц алдах явдал ч гарч байв.

Харин Монгол Улс хоёр ч шатны сонгуулийг зохион байгуулж дөнгөсөн. Улмаар шинэ Засгийн газар байгуулагдаж, мэргэжлийн хүн салбарын сайдаар томилогдсон. Энэ Засгийн газарт хариуцлага алдсан нь бий ч шинэчлэлийг эхлүүлж, хийж бүтээхээр сэтгэл шулуудсан нь ч бий.

Сайд болохоос нь өмнө мэргэжил нэгтний хувиар сайтар мэддэг нь Д.Сарангэрэл. ТВ5, телевизийн захирал байхаас нь таньдаг болсон. Улмаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн, МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайд гээд ямар ч үед өрөөгөөр нь ороход үргэлж цаас нухаж, асуудлаас шийдэл эрэлхийлж, өөрийгөө зовоож явдгийг нь мэдэх юм.  Хамтран ажиллагсад нь хүртэл хэт хэнхэг энэ зангаас нь зарим нь залхана. Гэсэн ч ажлыг хойш тавьдаггүй, хайнга ханддаггүй, багийнхнаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж, шуурхай арга хэмжээ авч ажилладаг арга барил нь төрд хэрэгтэй санагддаг. Тиймээс энэ хүн ч хариуцлагагүй албан тушаалтнуудын төвөргөөнд өртөж, огцрох болж байгаа нь хайран байна.