О.Батханд: Тагнуулын ерөнхий газар намайг тагнаж чагнах боломжтой


2021-01-22 13:06:20

Энэ сарын 20-нд болсон жагсаалтай холбоотой Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга О.Батханд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөө өглөө Х.Баттулга өнөөдөр намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Би Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд. Мөн Монгол Улсын иргэний хувиар энд зогсож байна. Улаанбаатар хотод 2021.01.20-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал , цуглаан болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд миний нэр орсон байгаа юм. Би хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд энэхүү мэдээллийг хийж байна.

Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг ямарваа хэрэгт холбоотой болон хамааралгүй болохыг тогтоодог вэ.

Ямар үндэслэлээр Монгол Улсын иргэн Батханд жагсаал, цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэдэг асуудалдл нэр холбогдсон бэ.

Би Ардчилсан улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэн гэж итгэдэг.  Иймээс ямар асуудалд хэрхэн холбогдож байгаа асуух  эрх бий.

Би АН-ын гишүүн. 2020 УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшиж байсан. Миний хувьд үзэл баримтлалдаа үнэнч байсаар ирсэн.

2012 оноос хойш АН-ын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн цагаас энэ намын олон лидерийн уналт, ололтыг нүдээрээ харж, гэрч нь болж явсан. Иймээс АН-ын гишүнийхээ хувьд энд зогсож байна. Би хуультай улсад амьдарч байгаа гэж бодож байна.

Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь гэмт хэрэг. Тухайн өдрийн үйл явдлыг эргэн харцгаая.

Тухайн өдөр "Үнэн ба зөв" намын тэргүүн А.Отгонбаатар Сүхбаатарын талбай дээр гэрийн халад, тавчигтайгаа гэрийн бүлийн хамт ирж жагссан. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гээд олон хүн талбай дээр ирсэн. Бүх намын төлөөлөл Сүхбаатарын талбай дээр лайв хийж байсан" гэлээ.

Мөн тэрбээр тэрхүү жагсаал цуглаантай Ерөнхийлөгч болон түүний Тамгын газар холбоогүй болохыг мэдэгдлээ. Улмаар хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээр болсноо мэдэгдсэн юм.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газар өөрийг нь тагнаж, чагнахыг санал болгосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү