Л.Оюун-Эрдэнэ "Нарантуул" захын худалдаачдаар "тохуурхав"


2021-02-27 14:25:06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наядын төлөвлөгөөгөө амандаа багтаагаад "Нарантуул" захын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн тамгыг атгаснаасаа хойш "10 их наяд"-аар амьсгалах болсон тэрбээр цар тахлын улмаас олон хоног худалдаа үйлчилгээний газрууд хаагдаж, өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулж байсан олон худалдаачдыг өнөөдөр зорьсон юм. Үнэндээ өглөө болгон салбар бүрт  очиж өнөөх хөтөлбөрөө сурталчлан, банк бус санхүүгийн байгууллагын эзэн шиг зээлд хамрагдахыг "сурталчлах" болсон гэхэд хилсдэхгүй.

Үнэндээ "Нарантуул" захын худалдаачид их, бага хугацаагаар 2 сар гаруй үйл ажиллагаа нь зогсож, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээл нь алдагдал хүлээж, ар, өврийн хормойгоороо нөхсөөр тартагтаа тулаад буй. Тиймдээ ч Ерөнхий сайдыг ирэх сургаар хэлэх үгээ бэлдэж, ихэд талархалтайгаар угтсан байна. Чухамдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худалдаачдад тулгарсан энэ мэт асуудал, бэрхшээлийг сонсч, гарах гарц, төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэхээр ирсэн хэмээн худалдаачид горьдлого тээсэн нь тэр. Гэвч эсрэгээрээ Засгийн газрын тэргүүн том мөнгөн дүнтэй хөтөлбөрийнхөө тухай ярьж, улмаар макро, микро эдийн засгийн үзүүлэлтээр иш татан хачирлаж, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авахыг "сурталчлав". 

Тодруулбал, одоогоор зах чиглэлд микроавтобус явуулаагүй, нийтийн тээврийн хэрэгслийн шугам цөөн учир үйлчлүүлэгч бага, арилжаа муу байна, хил хаалттай, валют тогтворгүй байгааг хэлсэн ч Засгийн газрын тэргүүн чих тавин, анхаарал хандуулан сонссонгүй. Өөдөөс нь шинжилгээндээ хамрагдсан уу, зайгаа баримталж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй бол дахин хөл хорионд орно шүү гэхийн ялдамд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан, гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой талаар сануулна. 

Гэхдээ Ерөнхий сайдын сурталчлаад байгаа зээлийг авах боломж худалдаачдад хомс. Арилжааны банкаар дамжуулан олгох тэрхүү зээлийн шалгуурыг хангах хүн ч ховордсон цаг. Ямартаа худалдаа эрхлэгч арилжааны банкинд хандан зээл авах хүсэлт гаргасан ч шалгуур хангаагүй гэх байдлаар авч чадаагүй байна. Энэ тухайгаа Л.Оюун-Эрдэнэд учирлахад тэрбээр өнөөх олон тооны наядын төлөвлөгөөгөө ярьсаар...

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү