Н.Энхбаяраас бүгд явдаг


2021-03-04 09:38:01

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзахаа намынхаа удирдлагуудад мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, МАН, МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтрахаар болвол тэрбээр намын гишүүнчлэлээсээ татгалзаж, сул гишүүн болохоо хэлсэн байна. Мэдээж МАХН-аас гарч байгаа эхний бөгөөд эцсийн хүн нь тэр биш.

Н.Энхбаяр энэ улсын хаан шиг аяглаж байсан түүхтэй. Бас хэнд ч хэрэггүй хог шиг хөсөр хаягдсан хүнд өдрүүдийг туулсан арвин намтартай нэгэн. Энэ бүх хугацаанд тэрбээр дахин төрсөн мэт төрөл арилжсан хэмээн өөрийгөө тодотгодог ч хаан шиг авираа гээж чадаагүйг нь хамтран ажиллагсад нь хэлдэг.

Бууриа сахиж, МАХН хэмээх нэрийг Н.Энхбаярын өвөрт хийхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаяр хүртэл туурга тусгаарлаж байв. Зургаан сар гаруйн хугацаанд тэмцэл өрнүүлсний эцэст МАХН хэмээн нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, Н.Энхбаярыг намын даргаар албажуулсан ч эцэст нь үзэл бодол, үйл хэрэг нь ижил байгаагүйг ухаарсан гэдэг.

Улс төрийн ажилд хамтран зүтгэж явсан философич С.Молор-ЭрдэнэН.Энхбаяр мэдлэг боловс­ролын түвшин доогуур хүн байна лээ. Яах вэ англиар жаа­хан ярьдаг гэсэн. Түүнд ганц докторын диплом ч байх­гүй. Түүний сурсан мэргэжил нь мэдлэгийн салбар биш. Аль дээр үед ОХУ-д Утга зохиолын дээд сургууль  дүүр­гэсэн гэдэг... Н.Энхбаяр мэдлэгтэй хүний үгийг   сонсдоггүй.  Өөрийгөө дэл­хийн бүх зүйлийг мэддэг гэсэн биеэ тоосон зантай” хэмээж.

Шинэ хүн болсноо тунхаглаж, шударга ёсны тэмцэл өрнүүлэхээ илэрхийлсэн Н.Энхбаярт тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн гээд олон хүн итгэж, хамтран зүтгэхээ илэрхийлж, МАН-ын батлахаас татгалзаж очсон. Гэвч мөн удалгүй төрхөмдөө буцацгаав.

Тухайн үед энэ тухай Д.Тэрбишдагва “Н.Энхбаярыг 600 гаруй цагдаагаар тойрч бүслүүлээд, баривчлагдах гэж байх үед нөхөр ёсны хувьд журмын хоёр нөхөртэйгөө хамт очсон, түүний дараахан намынхаа батлахыг сэргээснээс хойш МАХН парламентад суудалтай, эрх баригч хүчин болсон өнөөг хүртэл санал нийлэх, зөрөлдөх, сайдаж муудах зүйл ч цөөнгүй тохиолдож байна. Олон ч бэрхшээл, хүндрэлийг хамтдаа даван туулж ирлээ. Түүний эзгүйд МАХН-ыг удирдаж ирсэн. “Халуун чихийг атгуулна” гэгчээр ямартай ч намаа бутаргаж сарнилгүй, хүч тарамдуулалгүй хүлээлгэж өглөө. Энэ хугацаанд хэлэх, сануулах, шүүмжлэх асуудал бишгүй гарах юм. Энэ бүгдийгээ л цаасан дээр буулгаад өөрт нь хүргүүлсэн. Үнэндээ би л зориглож хэлэхгүй бол түүнд үнэнийг хэлэх хүн байхгүй” хэмээж байв.

УИХ-ын гишүүн асан Ч.Улаан “Улс төрийн сонголтоо хийсэн. Бодлого үйл ажиллагаа нягт явж ирсэн. Бидний хувьд өөрсдийн итгэл үнэмшлээр намынхаа дүрмийн дагуу энэ асуудлаа тавьж байгаа. Хэлж ярих үгээ, хийх ажлаа хүнээр алхам тутамдаа заалгаад байх улстөрчид биш” гэж хэлээд МАХН-ын хаалгыг гаднаас нь хаасан.

Тэдний дараахан “Шударга ёс” эвсэл байгуулж, УИХ-д бүлэг байгуулан хамтран ажиллаж байсан Л.Цог хүртэл Н.Энхбаяраас чийрхэж байгаагаа олон нийтэд хэлж байлаа. Тэрбээр “Жилийн өмнө намайг УИХ-ын дэд дарга болсоны дараа Н.Энхбаяр надаас нэг сая ам.доллар өг гэж нэхсэн. “Чи миний хүчинд УИХ-ын гишүүн, дэд дарга болсон” гэсэн. Үүнийг сонсоод үнэхээр цочирдсон. Ийм их мөнгө олж өгч чадахгүй гэдгээ ч хэлсэн. Түүнээс хойш намын шийдвэр биелүүлдэггүй, намын даргын үгийг сонсдоггүй гэдэг яриаг нам дотор гаргаж эхэлсэн” хэмээсэн юм.

Энэ цуваа Г.Шийлэгдамбаар үргэлжилнэ. Тэрбээр хахуулийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, ял сонссон. Авлигын хэрэгт холбогдсон шалтгаан нь Н.Энхбаярын даалгавар байсан  тухай хорихоос ил захидал илгээж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү МАХН-ын дарга Н.Энхбаярыг тэвчих аргагүй болж, батлахаа солихоор шийдсэн тухайгаа мэдэгдэж байв. Тэрбээр “Н.Энхбаяр гэдэг хүн 11 удаа намайг МАХН-аас хөөсөн. Хамгийн сүүлд Сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын хэрэгтнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг намайг хөөцөлдөж оруулсан гэж намайг гүтгэлээ. Гэтэл би тэр заалтыг нь дэмжээгүй, тэр асуудлыг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нь ч оролцоогүй. Гэтэл намайг гүтгэсэн. Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн намайг олон удаа намаасаа явуулахыг хүсэмжилж байгаа” хэмээж байв.

Түүнчлэн Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Э.Магнайбаяр энэ буухиаг үргэлжлүүлсэн бол өдгөө С.Ганбаатарын ээлж ирсэн бололтой.  

Өнөөгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж“МАХН бол нам биш. Н.Энхбаярын хамгаалалтын алба” гэж хэлж байсан удаатай. Энэ нь Н.Энхбаяраас явсан болон явахаар зэхэж буй шадар нөхдийнх нь урьд өмнө нь хэлж байсан үгнээс харагдана. МАХН-аас гарлаа гэх халхавч дор Н.Энхбаяраас явч байгаагаа үг, үйлдлээрээ илэрхийлж байсан нь тэр.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Зааг” номондоо “Тагтан дээр гартал “Журмын нөхөрт 7 дугаар сарын 1” хэмээх гараар бичсэн Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй нэг номыг харуулав. Тэр бол Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүл, 7 сарын 1-нд уучлал үзүүлнэ гэсэн тохироо байсныг тайлбарлалаа” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас Д.Тэрбишдагвыг нэр дэвшүүлэхээр нам дотроо тохирч, намын дарга Н.Энхбаяр зөвшөөрсөн байсан үе. Гэтэл эмнэлэгт хэвтэж байсан Н.Энхбаяр дээрх гарын үсэгтэй цаасаар ял наймаалцсан нь тэр. Тохироо ёсоор ч үйл явдал өрнөсөн.

МАХН-аас Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Харинг Н.Энхбаярт 7 сарын 1-нд өршөөл үзүүлээгүй. Тиймээс З.Баянсэлэнгэ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэндээ хүрэхгүй байна, бид зарим баримтыг дэлгэнэ” хэмээн олон нийтэд мэдээлж байв. Энэ явдлын дараахан буюу 2013.08.01-нд Н.Энхбаярт уучлал үзүүлж билээ.

Н.Энхбаяр дараагийн тохироогоо МАН-тай хийж байна. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгож, хүүгээ парламентын босго давуулна. Үр дүнд нь С.Ганбаатар хаалга савах эсэх нь тийм ч сүртэй зүйл биш. Учир нь түүнийг тойрон хүрээлэгчид явж л байдаг... Энэ бол шинэ зүйл биш.  

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тухайд “Н.Энхбаяр нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шаравдоржтой, Шаравдоржийг Пүрэвдоржтой, Энхболдыг Элбэгдоржтой, Хүрэлсүхийг Барсболдтой хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорондын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай” хэмээн хэлж байсан нэгэн. Гэвч мөнхийн эрх ашиг байгаа цагт энэ байтугай нөхөрлөл улс төрд өрнөх биз ээ, цаашдаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү