Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө


2021-10-21 11:05:45

Чуулганы өнөөдрийн /2021.10.21/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан. 

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал ажилласнаас гадна, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллагаатай холбоотойгоор 253 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч, нийт 3022 төрийн албан хаагч ажиллажээ.

Нөхөн сонгуулийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч тэдгээрийн ажиглагч, иргэд сонгогчдод хяналт тавих, ажиглалт хийх боломжоор бүрэн хангаж ажилласан бөгөөд санал авах, тоолох, дүн гаргах, хяналтын тооллого хийх үйл явц хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналтаа тавин ажилласан гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолсон.

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 17264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107 дугаар тогтоолыг, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон буюу 28537 санал авсан Энхбаярын Батшугарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 108 дугаар тогтоолыг тус тус гаргаж, УИХ-ын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлжээ.

Нөхөн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэдгийг СЕХ-ны дарга онцлоод УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдож, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлд заасны дагуу Тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.

Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гэлээ. 

Дараа нь шинээр сонгогдсон гишүүд УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

 

Ингэснээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Энхбаярын Батшугар, Цагаанхүүгийн Идэрбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү