"Улаанбаатар төмөр зам нийгэмлэг"-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа


2021-11-25 14:49:14

Чуулганы өнөөдрийн (2021.11.25) хуралдаанаар  “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас 2021 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2021.11.18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, уг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 77.6 хувь нь энэ саналыг дэмжсэн тул “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.2 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын дээрх тогтоол батлагдлаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү