М.Даваабатын гараас мэргэжлийн байгууллагыг авраач, Д.Сарангэрэл сайд аа!!!


2022-09-19 15:31:24

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар Г.Занданшатарын тавиул гэгддэг М.Даваабат гэх нөхөр очсоор энэ газар жил ирэх бүр уруудсаар байна. Арга ч үгүй биз. Мэргэжлийн бус, unen.mn гэх сайтыг ажиллуулж байгаад очсон хүнд дэндүү хол, ахадсан салбар байсан нь үнэн. Тиймээс байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлого 50 хувьдаа хүрэхээ больж, төсвөөс авдаг татаас нь улам бүр өссөөр хэмжээ хязгааргүй болж.

Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар 2016.09.12-ны өдөр зүтгүүлж томилуулсан гэх бөгөөд үүнээс хойш тус газрын удирдлагын баг, ажилчдыг Баянхонгорынхноор дүүргэчихсэн “том толгойт” гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Уг нь ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас өнгөрөгч оны 12 дугаар сард хийсэн санхүүгийн шалгалтаар 200 гаруй сая төгрөгийн зөрчил илэрсэн ч түүнд ямар нэг арга хэмжээ авсангүй. Мөнөөх нь ч үүнийгээ эд хөрөнгө бүртгүүлээгүй, бүртгэгдээгүй зөрчил гэж хээвнэг аргалаад өнгөрсөн юм байх.

Үндсэн үйл ажиллагааны орлого 391,630.9 мянган төгрөгөөр буюу 41.1 хувиар тасалдчихаад байхад цар тахлын хөл хорионоос болсон гэх хөгийн тайлбараар аргацааж.

Удаа дараагийн хөл хорионоос орлого багассан гэх атлаа зардал нь 150 орчим сая төгрөгөөр өсчихсөн байгаа нь энэ байгууллагад их бага хэмжээний “хулгай” нүүрлэчихсэн байгааг илэрхийлэх биз.

2020 онд 2.3 тэрбумын үйл ажиллагааны зардалтай байсан нь 2021 онд 2.4 тэрбум болж, томилолт, зочны зардал нь 30.1 саяас 33.7 сая, унаа хоолны хөнгөлөлт 20 сая төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь зайлшгүй шалгах факт мөн юм.

М.Даваабат даргын эргэн тойрны зардал ийнхүү өссөн хэрнээ ажилчдын цалин хөлс болон нэмэгдэл урамшуулал 1.2 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбум болон буурсан нь түүний хэр хэмжээний сэтгэлгүй, сул дорой удирдагч вэ гэдгийг харуулж буй хэрэг. Тэрчлэн ажилчдынхаа 319.5 сая төгрөгийн нэмэгдлийг 252.7 сая төгрөг болгон бууруулсан байх нь дэндүү арчаагүйнх.

Угаасаа ч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, эрүүл ахуйн хэмжилт хийх, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх учиртай байгууллагыг мэдээ мэдээллийн сайт эрхэлж байсан хүнээр томилон удирдуулсан нь энэ байгууллагыг зориуд дампууруулахаар шийдсэн томилгоо гээд хэлэхэд хилсдэхгүй биз.

Үүнийг батлах мэт энэ байгууллагын үндсэн чиг үүргийг хэдийнэ хувийн компаниуд гүйцэтгээд эхэлсэн.

Хамгийн хөгийн нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлт аж ахуйн нэгж байгууллагуудаас ирдэг ч удирдлагууд нь өөрсдийн хувийн гэгддэг компаниудад мэдээлэл дамжуулаад тэднээрээ хийлгэчихдэг гэдгийг тус төвийн эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Тун саяхны жишээ, “Пауэр бласт” гэх ХХК-иас 2022.08.10-нд Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд ажиллаж байгаа ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд гаргасан байгаа юм. Гэтэл “Мөнх чандмань хүрд” гээч ХХК-иас 2022.08.30-ны өдөр 199 тоот албан бичгийг “Пауэр бласт” компанид хаяглаж, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг чинь хийгээд өгье гэсэн байдаг.

Төрийн байгууллагын хаалга тогшиж, хүсэлтээ өгөөд хариу авч чадаагүй “Пауэр бласт” ХХК арга буюу хуулийн хугацаандаа үнэлгээгээ хийлгэхийн тулд “Мөнх чандмань хүрд” компанийг сонгон 5 ажлын байрны үнэлгээг 1.6 сая төгрөгөөр хийлгэсэн байх жишээтэй.

Гэтэл төсөвт байгууллага буюу Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтнууд захиалгагүй хэмээн хийцгүйрч өрөө өрөөндөө ялаа алсан шигээ сууж байна.

Энэ байдал улам даамжирч улсын байгууллага ажилгүй болоод зогсохгүй, татан буугдахад хүрээд байгааг шинээр томилогдоод байгаа сайд Д.Сарангэрэл анхааралдаа авч, яаралтай өөрчлөлт хийх цаг нь нэгэнт болж.

Төрийн байгууллагын мэдээллийг “дотроос нь авч”, ажлыг нь булаасан байж мэдэх “Мөнх чандмань хүрд” компанийн захирлаар Цэрэнчимэдийн Мөнхсайхан гэж хүн ажилладаг. 2020.09.03-нд байгуулагдсан энэ компани худалдааны зуучлал, аялал жуулчлал, барилгын засвар хийх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй атлаа ажлын байруудын хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийгээд явж байдаг нь сонин.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар тус компанийн далд эзэд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйчаар ажиллаж байсан Х.Чинзаяа болон газрын дарга Г.Нямдэжид нар гэгдэж байна.

Г.Нямдэжидийг М.Даваабат томилогдсоноосоо 1 сарын дараа буюу 2016.10.13-ны өдөр энэ байгууллагын газрын даргаар томилсон.

Г.Нямдэжид нь Газрын даргаар томилогдохдоо жилийн 19.8 сая төгрөгийн орлоготой хэмээн Хөрөнгө орлогоо мэдүүлж байсан бол 2020 онд 26.7 сая төгрөг болж, гэр бүлийнх нь орлого 40.2 саяас 94.9 сая болтол өссөн байгаа нь анхаарал татах өнцөг мөн.

Ажлын байрны үнэлгээ хийхийн тулд Үндэсний итгэмжлэлийн төвөөс Итгэмжлэлийн гэрчилгээ авах шаардлагатай байдаг.

Энэхүү гэрчилгээг “Мөнх чандмань хүрд” ХХК-д 2022.02.01-нд Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболд олгосон байгаа нь шалган нягтлах сэжүүрийн нэг.

С.Соронзонболд “Сос медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийн эмнэлзүйн лабораторид ML18 дугаартай MNS ISO 15189:2015 стандартын шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгосон, мөн “Сос медика Монголиа”-гийнхан харилцагчдаа хуурч, өөр лабораторид “Ковид-19”-ийн шинжилгээ хийлгэчихээд өөрсдөө хийсэн мэтээр “Гэрэгэ систем”-д хариуг оруулсан гэх асуудалд хутгалдаж дуулиан тарьж байсан нэгэн.

Хамгийн но-той нь, түүний гарын үсгээр олгогдсон “Мөнх чандмань хүрд” ХХК-ийн Итгэмжлэлийн гэрчилгээнд тусгагдсан хяналт гүйцэтгэх техник, багаж төхөөрөмж нь улсын байгууллагынх байж болзошгүй байна.

Энэ хардлагыг нягталж, тухайн компанийн техник тоног төхөрөөмжийн серийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийнхтэй тулгаж үзэх хүсэлтийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд гаргаад байгаа гэдгийг эх сурвалжаас нэмж өгөв.

Учир нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төв тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжтэй бөгөөд эвдрэл, элэгдэл гарах бүрт хариуцсан ажилтнаас хариуцлага нэхдэг тул тусгай сейфэнд хадгалдаг. Гэтэл амралтын өдрүүдэд багаж алга болох, гэнэт гарч ирэх тохиолдол хэдэнтээ давтагджээ.

Энэ талаар ажилтнуудаас удирдлагууддаа удаа дараа мэдэгддэг ч хүлээж авдаггүй. Сүүлдээ тоног төхөөрөмж эвдэрч, хэн эвдсэн нь тодорхойгүйгээр ажилчдын хооронд үл ойлголцол үүсэх болсон тул багаж алга болох явдалд М.Даваабат дарга өөрөө ч оролцоотой байж мэдэх хардлага хамт олны нь дунд үүсчээ.

Тэрчлэн хүүхдээ хараад гэртээ суугаа Г.Нямдэжид даргыг “SBSN” гэх компанитай холбоотой гэдгийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн ажилтнууд хэлж байгаа.

2009.08.21-нд байгуулагдсан, гадаад худалдаа, барилгын засвар хийхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Гүнчин нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга Г.Нямдэжидийн хамаатан аж.

SBSN компани нь мөн л огт ондоо үйл ажиллагааны чиглэлтэй атлаа уул уурхайн компаниудад ажлын байрны хөдөлмөр аюулгүйн ажиллагаа, эрүүл ахуйн хэмжилт судалгаа хийдэг.

Эндээс хамгийн анхаарал татахуйц мэдээлэл нь М.Даваабат даргын баталж, тамгаа дарж, гарын үсгээ зурсан ажил гүйцэтгэх гэрээний мөнгө SBNS компанийн данс руу шилждэг тухай юм. Уг нь төсөвт байгууллагын ажил гүйцэтгэх гэрээний хөрөнгө төрийн сангийн дансанд төвлөрөх учиртай.

Гэтэл

  • Багажны түрээсийн төлбөр 296.000
  • Ажлын байрны тоосны хэмжилт болон багажны түрээсийн төлбөр 2.1 сая
  • Багажны түрээсийн төлбөр 396.000
  • Багажны түрээсийн төлбөр 444.000 гэх мэтчилэн шилжсэн байгаа нь гарцаагүй шалгах ёстой асуудал.

Мөн шилэн дансанд “Мөнх чандмань хүрд” компанийн данс руу 2021.03.16-ны өдөр багажны үнэ нэрээр 8.4 сая, Г.Нямдэжидэд томилолтын зардал нэрээр 2020.10.16-ны өдөр 8.6 сая төгрөг шилжүүлсэн баримт бий.

Ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай, тэр дундаа уул уурхайн компаниудад ажлын байрны үнэлгээ гаргаж өгдөг SBNS компани газрын дарга Г.Нямдэжидийнх гэх мэдээлэл байгууллага даяар тархаж асуудал дэгдмэгц жирэмсний амралтаа авч, удалгүй “Мөнх чандмань хүрд” нэртэйгээр дахин орж ирсэн нь энэ аж.

6 жил яамны харьяа төсөвт байгууллагын толгойд заларч буй М.Даваабатын нэр дээр Цагийн зурвас, Монголын хэвлэл мэдээллийн маркетингийн холбоо, Хүний хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжих төв нэртэй төрийн бус байгууллагууд бүртгэлтэй.

Эдгээрээс Цагийн зурвас төрийн бус байгууллага нь 2020.09.15-нд байгуулагдан хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчнүүдийн тархалт, тэдгээрийн хоорондын хамаарал эмчилгээний зарим асуудлыг судлах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байгаа нь удирдаж буй байгууллагатайгаа ижил төстэй үйл ажиллагаатай, ашиг сонирхлын гэж хэлж болохоор байгаа юм.

Тэрчлэн М.Даваабат даргын удирдлагад ажиллаж байсан Д.Гангаамаа хувийн лаборатори байгуулж үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин оношлох ажил хийж байгаа нь анхаарал татна. Мөн л М.Даваабат ажил авснаасаа хойш 1 сарын дараа буюу 2016.10.17-нд Мэргэжлийн өвчин судлалын газрын даргаар Д.Гангаамааг томилж байсан бөгөөд нөгөөх нь төдий удалгүй төсөвт байгууллагын ажлыг булаах хувийн лаборатори байгуулсан нь энэ.

Д.Гангаамааг Петровис группийн үүсгэн байгуулагч Ч.Даваанямын охин Д.Энхмаагийн хүн гэдэг бөгөөд Д.Энхмаа, Д.Гангаамаа нар “Тонхил Нуур”, “Глобал Ундрага” компаниудын хувь эзэмшигчид аж.

Тэгэхээр энэ мэт сүлжээгээр төр, төсвийн байгууллагыг дампууруулж буй нөхдөөс Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөө яаралтай салган авч хамгаалаад зогсохгүй, төсөвт байгууллагыг татан буугдахад хүргэж мэдэх гэмт үйлдлийг яаралтай таслан, холбогдох нөхдөд хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болж.

Үргэлжлэл бий... Нэр дурьдагдсан удирдах албан тушаалтнуудын холбоо, сүлжээг нотлох хангалттай баримтыг эх сурвалжаас ирүүлсэн бөгөөд энэ нь нэлээдгүй зай эзлэх тул дараагийн дугаарт үргэлжлүүлэн хүргэнэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү