Мэргэжлийн өвчин судлалын төвд санхүүгийн гэмт бүлэглэл үүрлэсэн шиг байна, Б.Болд дарга аа!!!


2022-09-21 16:50:59

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн М.Даваабат захиралтай удирдлагын баг өөрсдийн хамаарал бүхий компаниудад төсөвт байгууллагын мэдээллийг өгөөд зогсохгүй багаж тоног төхөөрөмжийг нь ашиглуулдаг байж болзошгүй мэдээлэл, баримт фактыг өмнө хүргэсэн. Үүн дээр нэмээд сургалт, сурталчилгааны хөрөнгийг ч завшдаг байж мэдэх баримт бүхий мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан гэж Монгол Улсад бий. Хөдөлмөрлөж байгаа ажилчдыг хамгаалах үүрэг төрд бий гэсэн үг.

Хөдөлмөр эрхлэгч ажилдаа яваад эсэн мэнд гэртээ харих ёстой гэдэг ерөнхий зарчим.

Барилга, уул уурхайгаас гадна оффисын ажил эрхлэгчид хүртэл удаан сууснаас нурууны өвчтэй болох, гэрэлтүүлэг агааржуулалт зэргээс 10-20 жилийн дараа өвчинд өртөх зэрэгт хүртэл энэ байгууллага анхаарал хандуулах учиртай. Тэрбайтугай ажлаасаа гэр рүүгээ явж байхдаа осолд орсон бол золгүй явдал гэж бүртгэдэггүй. Хуульд энэ тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

Тиймээс хуулийн дагуу сан байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгдөг гэдгийг уншигчид тэр бүрий мэдэхгүй байж магадгүй юм.

Сангийн зорилго нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвдсөн иргэдэд тэтгэмж олгохоос гадна урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл өгөх гэж бий.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаанд зориулж ихээхэн төсөв тавьдаг байна.

Тэр байтугай Олон улсын байгууллагуудаас ч сургалтын дэмжлэг, санхүүжил үзүүлдэг гэдгийг 2021.07.05-ны өдөр ОУХБ төслөөс “сургалт” гэх гүйлгээний утгатай 28.2 сая төгрөгийн баримтаар нотолж болно. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилэн дансанд нэмэлт санхүүжилтээр бүртгэгдсэн байдаг.

Тэрчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын шилэн дансанд Мөнхжаргалант гэх харилцагчийн данс руу 2022.04.22-нд 5.2 сая, 2022.04.13-нд 19.8 сая төгрөгийг сургалтын үйл ажиллагаанд хэмээн шилжүүлсэн баримт бий. Гэтэл Улсын бүртгэлд Мөнхжаргалант гэх аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтгүй. Тэгэхээр үүнийг хувь хүний данс гэж ойлгож болж байгаа юм.

Ийм байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд сар бүр 2-3 удаагийн мөнгөн гүйлгээ хийдэг.

Тухайлбал,

  • 2022.04.28-нд 52 сая төгрөгийг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин /ҮОМШӨ/-ний даатгалын сангаас 52 сая
  • 2022.04.28-нд ҮОМШӨ-ний даатгалын сангаас 14.4 сая
  • 2022.05.31-нд ҮОМШӨ-ний даатгалын сангаас 18 сая
  • 2022.05.31-нд ҮОМШӨ-ний даатгалын сангаас 15 сая гэхчлэн шилжүүлсэн байна.

Энэ бол зөвхөн энэ оны 4, 5 сарын гүйлгээ.

Өмнөх онуудад Нийгмийн даатгалын сангаас оруулсан мөнгөн хэмжээ тоймгүй. Энэ мөнгийг урьдчилан сэргийлэх буюу сургалт, сурталчилгаанд зориулж төсөвлөдөг ч яг хэзээ, ямар сургалт хийсэн нь тодорхойгүйгээр аж.

Ихэнхдээ ном, гарын авлага хэвлүүлсэн гэдэг ч мөн л ямар ном хаана хэвлүүлж, хаагуур тараасан нь учир битүүлэг.

Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд хийсэн аудитаар ном хэвлэлтийн зардалд 2019 онд 28.8 сая, 2020 онд 6 сая төгрөг зарцуулсан гэж бичүүлсэн байдаг ч Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн шилэн дансанд нь сургалт сурталчилгаанд зарцуулсан мөнгөн дүнгийн гүйлгээний мэдээлэл байдаггүй.

2021 оны байдлаар үйлдвэрийн осол, ажил мэргэжлийн өвчлөлөөс үүдэж улсаас 127.8 тэрбум төгрөг зарцуулсан статистик бий. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.4 хувь, нийт төсвийн зардлын 1.1 хувь, нийгмийн даатгалын сангийн зардлын 6 хувьтай тэнцэнэ. Үүнийг олон улсын дундажтай харьцуулахад 10 дахин бага харагдаж байгаа ч манай улсын хувьд бага тоо биш. Хэрэв ослын улмаас 127.8 тэрбум төгрөг зарцуулагдаагүй бол эдийн засаг 0.4 хувиар өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан талаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотгосон байсан. Чухамдаа сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй явагдсаны баталгаа нь энэ.

Энэ төвд Сургалт судалгаа, хамтын ажиллагааны газар гэж бий. 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ газарт өмнөх нийтлэлд дурьдагдсан Г.Нямдэжидийн дүүгийнх нь эхнэр Ариунаа ажилладаг, дарга А.Адъяасүрэн нь Г.Нямдэжидийн найз гээд хөөвөл М.Даваабат нь тус төвийг ах дүү, амраг садны сүлжээгээр хэрчихсэн байгууллага болгочихсон шиг байгаа юм.

Бас нэг учир битүүлэг, хачирхалтай мөнгөний урсгал бий.

“Аймаг дүүргийн жижиг дунд үйлдвэрт ажиллагсад хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд малчид бичил уурхай эрхлэгчдэд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах”-д гээд Нийгмийн даатгалын төв сангаас доорх гүйлгээ хийгдсэн байдаг.

  • Налайх дүүргийн НДХ-т 5.5 сая
  • Архангай аймгийн НДХ-т    6 сая
  • Баян-Өлгий аймгийн НДХ-т 6 сая
  • Баянхонгор аймгийн НДХ-т 6 сая
  • Говь-Алтай аймгийн НДХ-т  6 сая
  • Дорноговь аймгийн НДХ-т  6 сая
  • Дундговь аймгийн НДХ-т    6 сая
  • Завхан аймгийн НДХ-т 7 сая
  • Өвөрхангай аймгийн НДХ-т 7 сая
  • Сүхбаатар аймгийн НДХ-т  7 сая
  • Сэлэнгэ аймгийн НДХ-т      7 сая
  • Төв аймгийн НДХ-т  7 сая
  • Увс аймгийн НДХ-т 7 сая
  • Ховд аймгийн НДХ-т 7 сая
  • Хэнтий аймгийн НДХ-т 7 сая
  • ННДГазарт    7 сая
  • Булган аймгийн НДХ-т 8 сая
  • Дорнод аймгийн НДХ-т 8 сая
  • Өмнөговь аймгийн НДХ-т   8 сая
  • Хөвсгөл аймгийн НДХ-т      8 сая
  • Орхон аймгийн НДХ-т 8 сая
  • Дархан-Уул аймгийн НДХ-т 9 сая
  • Баянгол дүүргийн НДХ-т     9 сая
  • Хан-Уул дүүргийн НДХ-т   9 сая
  • Сүхбаатар дүүргийн НДХ-т 9 сая
  • Сонгинохайрхан дүүргийн НДХ-т          10 сая
  • Баянзүрх дүүргийн НДХ-т   10 сая төгрөг шилжүүлсэн байдаг.

Мөн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд 2021.06.15-ны өдөр “Ионжуулагч болон ионжуулагч бус цацрагийн өртөлтөөс үүсэх мэргэжлээс шалтгаалсан өвчин түүний оношлогоо эмчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулахад 6 сая, “Биологийн биомониторинг хийх чадавхийг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулахад 6 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт шилэн дансанд байх атлаа нэр бүхий байгууллагуудын данс руу орсон гэх мэдээлэл байдаггүй.

Жишээ нь, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 онд ерөнхий газрын үндсэн санхүүжилтээс өөр мөнгөн гүйлгээ бараг хийгдээгүй байгаа юм.

Энэ мэтчилэн “үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх” гэх утга агуулга бүхий мөнгөн гүйлгээний мэдээлэл, тайлан ховор.

Шилжсэн, шилжүүлсэн мөнгө замын дундаас хэний гараар орж, хааччихаад байгаа тодорхойгүй байна. 2019, 2020 оны сургалт сурталчилгаа явуулсан гэх үйл ажиллагааны тайлан байгаа ч хаана, хэнд, хэзээ явагдсан нь байхгүй. Тэр бүү хэл, 2021, 2022 оны эхний хагас жилийн тайланг байгууллагаараа нэг эрж хайж бужигналдсан факт бий.

Өнгөрсөн жил үндсэн үйл ажиллагааны орлого 391.630.9 мянган төгрөгөөр буюу 41.1 хувиар тасалдчихаад байхад цар тахлын хөл хорионоос болсон гэх хөгийн тайлбар хийх атлаа “Байгууллагын хүний хөгжил” сэдэвт сургалтыг танхимаар явуулсан гээд 3 сая төгрөг зарцуулчихсан байгаа нь М.Даваабат гээч нөхөр нааш харж уйлан цааш харан инээсээр төсвийн мөнгийг эд бад хийгээд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ хардлагыг үйл ажиллагааны орлого 41.1 хувиар буурсан гэсэн хэрнээ багаж, тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдол 2019 онд 134.5 сая, 2020 онд 233.4 сая төгрөгт хүрчихлээ гээд нэмж авсан нь улам бүр баталгаажуулж байна.

Ажилгүй зогсч байна гэж уйлах атлаа багаж тоног төхөөрөмж элэгдчихлээ гэх түүний “хошин” тайлбарт итгээд өмнөх онуудаас ч өндөр үнээр мөнгө нэмж өгөөд буй салбар хариуцсан сайд, дарга нарын үйлдэл ч сэжигтэй.  

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн албан хэрэгцээний бичиг хэргийн материалыг “Тэргүүн ван” гэх компани нийлүүлдэг бөгөөд энэ компани нь санхүү хэлтсийн дарга Л.Амартүвшингийн “шахаа” гэдгийг тус байгууллагын ажилтнууд хэлж байгаа.

Л.Амартүвшинг 2016.10.14-ны өдөр буюу М.Даваабат нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсоныхоо дараахан хэлтсийн даргаар оруулж ирсэн байдаг.

Тэрбээр ажилд орохдоо жилийн 10 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 1 жилийн дараа буюу 2018 оны АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгт 42.5 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байгаа нь адгийн тэнэгт ч хангалттай сэжиглэх дүн.

Тэрчлэн энэ нөхрийн нэр дээр улсын бүртгэлд “Их цагаан заан” гэх ХХК бүртгэлтэй байх бөгөөд компанийг хамтран эзэмшигч Б.Алтангэрэл нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тасгийн даргаар ажиллаж байсан бол Х.Батбаяр нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас Гашуунсухайт дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч болсон нэгэн байдаг нь тусдаа хөөн шалгах өнцөг мөн.

Энэ нөхөдтэй ч байгууллагын удирдлага болох М.Даваабат нь халаас нэгтэй, ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл болж хоршин ажилладаг гэдгийг ажилтнууд нь хэлж байгаа юм.

Тэдэнтэй холбогдох баримт болон өөрсдийн үйл ажиллагааг сурталчлуулах нэрээр хэвлэл мэдээллийн байгууллагын нэр барьсан тойрон хүрээлэгчдэдээ хэрхэн, хэдий хэрийн мөнгө тараасан зэрэг баримтад тулгуурласан мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү