Татвар төлдөггүй компаниудаар ханган нийлүүлэгч хийлгэдэг төвийг татан буулга, Ерөнхий сайд аа!


2022-09-22 13:13:29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийг татан буулгая.

Төсөвт байгууллагад хулгай үүрлэж, эрх бүхий албан тушаалтнуудынх нь оффшор, эсвэл хэтэвч нэг байж мэдэх сэжиг бүхий хувийн компаниуд ажлыг нь булаасаар эцэстээ Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төв гээч нь хийж гүйцэтгэсэн ажилгүй, хоосон цалин авсан үрэлгэн газар болж хувирлаа.  

90 гаруй хүний орон тоотой энэ байгууллагыг хэдий болтол татвар төлөгчдийн хөрөнгөөр тэжээх гэсэн юм бэ?!

Монгол Улсын эдийн засаг дефольт зарлах хэмжээнд хүрч Ерөнхий сайд нь хэмнэлт хэмээн хоосон бувтнаж, УИХ-аар хэмнэлтийн хууль хүртэл баталчихаад байхад жилдээ хоёр тэрбум гаруй төгрөгийг улсын төсвөөс татаасаар авдаг хэнд ч хэрэггүй энэ байгууллагыг татан буулгаж, хэмнэлт хийе.

Жилээс жилд төсвийн татаас нь нэмэгдэж, өөрийн орлого нь тэг рүү уруудсан энэ мэт байгууллагыг хэмнэлтээр үгүй хийхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдийнэ мэдэгдсэн.

МАН төрийн эрхэнд жаалж, Г.Занданшатар УИХ-ын дарга болсны дараагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар М.Даваабат томилогдож байв. Эрх баригч намын төв хэвлэл гэгддэг “Үнэн” сонины дэргэдэх unen.mn сайтыг хариуцан ажиллаж байсан тэрбээр сонгуулийн сурталчилгаанд нойр, хоолгүй ажилласныхаа шанд Спикерийн татаасаар энэ байгууллагын удирдлагад сандайлж дөнгөсөн гэдэг.

Мэргэжлийн бус, төрийн байгууллагад огт ажиллаж үзээгүй М.Даваабатыг очиход Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хүлээж авахгүй хэмээн эсэргүүцэж байсан ч нэгэнт хийгдсэн улстөрийн томилгоог яалтай билээ.

Мань эр төд удалгүй газар, хэлтсийн дарга нарыг өөрчлөн өөрийн хүмүүсээ шургуулж, ханган нийлүүлэгч болон харилцагч байгууллагуудыг ташраар нь солив. Эцэстээ төрийн байгууллагын мэдээлэл хувийн компанийн халаасанд орж, төсөвт байгууллагын олох орлогын хэмжээ буурч эхэлснийг санхүүгийн тайлангаас нь харж болно.

Хамгийн ичгүүртэй нь, ерөнхий удирдлага болох М.Даваабат өөрөө 2020.09.15-ны өдөр “Цагийн зурвас” нэртэй төрийн бус байгууллагыг байгуулсан байгаа нь байгууллагаасаа “хулгай” хийх боломж бийг сайн мэддэгийнх гээд хардчихад буруутах юун.

Уг төрийн бус байгууллага нь хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчнүүдийн тархалт, тэдгээрийн хоорондын хамаарал эмчилгээний зарим асуудлыг судлах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж байгуулагдсан нь даанч увайгүй.

Удирдлага бол сайн менежер байх учиртай.

Харамсалтай нь, чадамжгүй дээрээ нэмээд ижил төстэй хувийн байгууллага нээхдээ тулсан арчаагүй сэтгэлгээтэй удирдлагыг балгаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хэзээ мөдгүй үүд хаалгаа барихдаа хүрч буй нь сүүлийн 6 жилийн доройтлоос харагдаж байгаа.

Муу дээр муу, муухай дээрээ улцан гэгчээр тус төвийн хүнд суртал хэрээс хэтэрч үйлчилгээ авах гэсэн аж ахуйн нэгжүүдийг цөхрүүлж, чирэгдүүлдэг байдал нь нэгэнт засал авахааргүй дор орсон нь үнэн.   

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүнээс шалтгаалсан үзлэг, оношлогоо гээд хөдөлмөр эрхлэгч хэн бүрт хамааралтай нэн чухал асуудал мөн тул тэртэй тэргүй өндийхөөсөө өнгөрсөн энэ төвийг татан буулгаад, улсын томоохон эмнэлгүүдийн дэргэд аваачих цаг нэгэнт болж.

Эс бөгөөс энэ төвийн харилцагч, ханган нийлүүлэгч нэртэй шимэгч байгууллагууд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн орлогын урсгалыг боомилж, амь тасартал зууралдах нь тодорхой бололтой.

Учир нь бидний сурвалжлагын явцад шинэ факт олдсон бөгөөд тэр нь тус төвийн эрх бүхий албан тушаалтнуудын оффшор компаниудын мэдээлэл юм.

Оффшор хэмээн нэрийдэн хардахын учир нь тухайн байгууллагын бичиг хэргийн материалыг нийлүүлэгч “Тэргүүн ван” гэх компаниас эхлүүлээд харилцагч, ханган нийлүүлэгч дийлэнх аж ахуйн нэгж нь ажилтан албан хаагчгүй, нийгмийн даатгал огт төлж үзээгүй газрууд байгаа нь ил болж байна.

Тэрчлэн Нийгмийн даатгалын сангаас сургалт сурталчилгаа явуулна хэмээн мөнгө авсан компани аж ахуйн нэгжүүд ч хоосон тамга, гэрчилгээнээс өөр зүйлгүй, улсад төлдөг татвар даатгалгүй байгаа нь онц ноцтой факт юм.

Тиймээс нэгэнт чиг үүрэг, харьяалагдах ажлыг нь хэдийнэ хувийн компаниуд гүйцэтгээд эхэлчихсэн тус төвийг улам илүү буруу замаар будаа тээлгэхээс өмнө татан буулга, эрхэм Ерөнхий сайд аа!!!

Нэгдсэн эмнэлгүүдийн харьяанд хэлтэс, тасаг болгон орон тоог нь цөөлөөд төсвөө хэмнэх нь хамгийн зөв шийдэл болно.

Ийм шийдвэр гаргахад тань дээр дурьдагдсан харилцагч, ханган нийлүүлэгч байгууллагуудын мэдээллийг шалгахад л хангалттай том шалтаг, үндэслэл болох төдийгүй шударгаар, хатуухан шалгаж чадвал тус төвийн эрх мэдэлтнүүдийн бүлэглэл дээлээ нөмрөхөд ч хүрч мэдэхээр байгаа юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү