Трампаас ч хөгшин Учралд дайх үг


2023-01-23 10:35:52

Д.Трамп 1946 онд төрсөн, кока коланы донтон, Бүгд найрамдах намын гишүүн, 77 настай. Х.Клинтонтой өрсөлдөн Америкийн Ерөнхийлөгч болж, эрх мэдлийн оргил дээр зогсож байхад нь түүнтэй нэгэн эр шүүхдсэн байдаг юм. Д.Трампын сошиал дахь нүүр хуудсыг дагадаг, үзэл бодол зөрөлддөг түүнд удаа дараа доромжлуулсныхаа дараа мань Дональд блоклоод хаяж л дээ. Гэтэл нөгөө нөхөр Трампыг шүүхэд өгч, ялалт байгуулан, блокноос эргэн ирсэн түүхтэй. Хэдий үзэл бодол зөрөлддөг ч уншиж, маргалдаж, өөрийгөө илэрхийлэх, Ерөнхийлөгчдөө үгээ хэлэх эрхээ тийнхүү хамгаалж үлдсэн нь хүний эрхийн талаарх хамгийн гайхалтай жишээ болж байлаа.

Н.Учрал. 1984 онд төрсөн, Тимон хэмээх нууц нэрээр дуулдаг байсан, МАН-ын гишүүн, 39 настай. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдмогцоо Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлуулж, сошиал дахь иргэдийнхээ эрхийг хязгаарлан, эрх мэдэлтнүүдийн эрхийг хамгаалахаар зорьсон. Түүний хүчин зүтгэлээр иргэд цахим орчинд үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх, албан тушаалтнуудын алтан амбаарын талаар ангайх эрхээ хязгаарлуулж байна. Хараал сонсмооргүй байгаа бол хамаг ардаа л боловсруул, боловсролын салбарынхаа агуулга, чиглэл, арга хэлбэр, хүртээмжид анхаар. Бас нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд цахим орчинд идэвхтэй байдаг иргэдийн дэгдээдэг сошиал шуугиан олон авилга, албан тушаалын луйврыг зогсоож, гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Монголын өнөөгийн нөхцөлд ард түмэн бол сөрөг хүч, тэдний индэр нь цахим орчин болчихоод байгаа юм. Энэ тохиолдолд Н.Учрал болон түүний хуулийг дэмжсэн МАН-ын гишүүд сөрөг хүчнийхэн буюу 2.0 сая сошиал хэрэглэгчдийнхээ толгойг хуулийн дор цавчихаар дэндүү яарлаа даа, тэгэх тусмаа сонгогдох магадлал улам бүр унаж байна. Юу гээч, идэх хоолоо булаалгасан хүн хоногтоо мартдаг, хэлэх үгээ хязгаарлуулсан хүн хэзээ ч мартдаггүй юм даа.

Цэнхэр гариг дээрх бүх орны, бүх ард түмэн хэлэх эрх, мэдэх эрхийнхээ төлөө зуун зуунаар тэмцэж, түүхээ бүтээж, улсаа зассан байдаг. Энэ эрх эх орны үнэтэй, тусгаар тогтнолын хэмжүүртэй юм шүү. Тиймээс л хэлэх, мэдэх эрхийн төлөөх тэмцэл бол хүн төрөлхтний түүх!

Сэтгүүлч Р.Эмүжин


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү