Тамга...

Дээд шүүхийн шүүгчдийн толгой эргээд, даралт ихсээд хэцүүдсэн. Гишүүнгүй АН-ын дарга нь Ганбат, тамгагүй АН-ын дарга нь Гантөмөр. Яг жинхэнэ тамга хаана байгааг ганц Эрдэнэ л мэднэ. Тэр нөхөр АН-ын ээлжит "бага хаадуудад" өнөөг хүртэл тамганы оронд өөр өөр юм гардуулж ирсэн.
Тулгатад тамганы хайрцаг, Туваанд арай хуучин хайрцаг, Ганбатад жаазтай батламж гардуулсан. Яг үнэндээ АН-ын жинхэнэ тамганы барааг харсан хүн байхгүй. Эрдэнэ зуслан дээрээ газар ухаж булаад нуучихсан ч юм билүү, хэн мэдлээ. Машиных нь багаажинд, эсвэл эхнэрийн шүүгээ, магадгүй ковидын дараах хямралаар Эрдэнэ ван тас мартамхай болчихоод түүнийгээ нуугаад, өнөөг хүртэл өөд уруугүй хайж яваа ч юм билүү. Энэ тамга цаг хугацаа өнгөрөх тусам ямар ч хувьцаанаас илүү үнэ хүрч байна даа.
Эрдэнэ хэдэн тэрбумаар үнэлдгийг хэн мэдлээ, олон хүний хувьд бол энэ улсын ардчиллын үнэтэй болоод байна. Зарим нь Ганбат, Гантөмөр хоёр эвлэрчихвэл боллоо л гэлцэж байна. Тулгат, Цогтгэрэл хоёр эвлэрээд ч тэр тамгыг барьж үзэх нь бүү хэл барааг нь хараагүй юм даа. Энэ бүх цаг хугацаа, энэ бүх цадиггүй явдлын эцэст тамга байгаа, тэр тамга хүчинтэй гэж бодсоор, итгэсээр байгаа бол бид нийгмээрээ зомбитой кинонд гацаад галзуурчихсан юм шиг байна!
Сэтгүүлч Р.Эмүжин
Сэтгэгдэл бичих: