Шадар сайд Я.Содбаатар хэзээ хариуцлага хүлээх вэ


2020-12-24 10:35:09

Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан хариуцлагыг өнөөдрийг хүртэл хүлээлгэхгүй байгаагийн шалтгаан юу вэ. “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь тодорхой болсон. Гэвч Шадар сайд Я.Содбаатар “Энхсаран бол гэр бүлийн хамтын хөрөнгө оруулалттай сувилал. Хариуцлага алдсан албан тушаалтнуудын нэрс бий. Гэхдээ хариуцлага тооцоход хэзээ ч оройтохгүй” хэмээсээр өнөөг хүрэв.

Хэрэв хариуцлагыг сөхвөл Шадар сайд Я.Содбаатар өргөдлөө өгөхөөс өөр гарцгүй болно. Хэдийгээр “Энхсаран” сувилал халдвар хамгааллын дэглэм алдсан ч хяналт тавих учиртай Улсын онцгой комисс, өнөөх Шадар сайд юу хийж байв.

Цар тахал дэлхий дахинаа тарсан 10 сарын хугацаанд Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшингийн удирдлага дор монголчууд аюулыг алсуур өнгөрөөж дөнгөсөн. Харин ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр Зам тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаа өгсөн Я.Содбаатар Шадар сайд болсноор нөхцөл байдал өөрөөр эргэсэн. Тэрбээр албан тушаалаа авмагцаа Эрдэнэтийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдохын зэрэгцээ цахим ертөнц дэх уур амьсгалаар ажлаа хийж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар төрийн шийдвэр цалгардаж, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг цуцалснаар халдвар хамгааллын дэглэм алдагдаж, дотооддоо халдвар алдав.

Мөн гадаадаас иргэдээ авчрахдаа хольж хутган байрлуулсан зохион байгуулалтын алдаа бий. Түүнчлэн "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан иргэд удаа, дараа гомдол гаргасан атал УОК асуудлыг шийдвэрлэж, хяналт тавьж байгаагүйг мөн тодотгох хэрэгтэй. Энэ мэтчилэн удирдлага, зохион байгуулалтын алдаанаас халдвар дотоодод алдагдаж, үүнээс улбаатай аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, иргэдийн амьжиргаа муудаж, хоногийн хоолны эрэлд гарах болоод байна.

Халдвар гарсан даруйд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хүртэл эргэж буцсан. Хилийн боомтууд эрсдэлтэй байгаа тул хаахаас өөр шийдэл алга хэмээсэн бол удалгүй эдийн засаг чухал тул ажиллахаас өөр арга ухаан олдсонгүй гэж байх жишээтэй.

Үгүй дээ, цар тахлын аюул хаяанд ирсэнийг өдөр бүр мэргэжлийн байгууллагууд сануулсаар байтал Шадар сайд Я.Содбаатарт вакцин авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгачих сэтгэл хүртэл дутсан нь илт.  Өдгөө нийтийн тээврийн жолоочоос халдвар илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсмэгц Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч нийтийн тээврийг санал болгоогүй шүү” хэмээн нялзааж сууна. Ичсэн хүн хүн ална гэгчээр нийслэлийн удирдлагууд руу алдаагаа нялзаахыг тэргүүнд тавьж буй нь энэ.

Нийслэлийн онцгой комисстойгоо хүртэл өнгөрсөн хугацаанд уялдаа холбоотой ажиллаж чадаагүй Шадар сайд Я.Содбаатараар онцгой нөхцөл байдалтай өнөө үед удирдлагаа хийх нь зөв үү. Магадгүй төрөөс өгсөн үүрэг даалгаварын төлөө ажлаа хийж явсан хөөрхий жолооч удахгүй дотоодын батлагдсан тохиолдол шиг ад шоо үзэгдэж, нийгмээрээ зүхэх шинжтэй. Харин ар сугаар нь албан даалгавар өгсөн албан тушаалтан хариуцлагаас мултрах нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү