Голомт банкнаас Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтад ийм тайлбар гаргажээ


2014-12-05 09:20:45

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэсэн баримтыг олон нийтийн цахим сүлжээгээр цацсантай холбогдуулан Голомт банкнаас дараахь тодруулгыг авлаа.

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин танай банкны харилцагчийн төлбөрийн баримтыг олон нийтэд дэлгэсэнтэй холбогдуулан банкны зүгээс тайлбар хийж өгнө үү.

Арилжааны банк нь харилцагчаас ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бөгөөд төлбөр тооцоог саатуулах, гүйлгээ хийхээс татгалзах эрхгүй байгууллага болно. Энэхүү асуудал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр гарсантай холбогдуулан банк дотооддоо шалгалт хийж үзэхэд зохих журмын дагуу хийгдсэн харилцагчийн бизнесийн хэвийн гүйлгээ байсан.

Энэ гүйлгээг яагаад хууль бус, авлигатай холбоотой гэсэн тайлбартайгаар гаргаж байгаа юм бол?

Тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин банкны харилцагчдын хооронд хийгдсэн бизнесийн хэвийн гүйлгээний баримтыг улс төрийн зорилгоор ашиглан олон нийтийн цахим сүлжээгээр тайлбар гаргаж байгааг тус банкны зүгээс банкны харилцагчийн санхүүгийн мэдээллийг задруулсан, холбогдох хууль тогтоомж зөрчсөн зохимжгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү